Сайн сортын үр тариалснаар ургацыг 25-50 хувиар нэмэх боломжтой

ХХААХҮЯ хэрэгцээт хүнсээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд ажиллаж байна. 

Энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулж, хэрэгжүүлэхээр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Сайд З.Мэндсайхан өнөөдөр танилцуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Хуулийг шинэчлэх үндэслэлээс дурдвал:

-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд таримал ургамлын хугацаа богино, ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйгаас тариаланг үр ашигтай, байгальд ээлтэй эрхлэхэд хүндрэл учирч байна.

-Тариалан үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураахад тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалах нь чухал. Нутагшсан сайн сортын үр тариалснаар ургацыг 25-50 хувиар нэмэх боломжтойг судалгаагаар тогтоожээ.

-БНХАУ, ОХУ, БНСУ болон бусад улсаас Монголын хөрсөнд бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирж тариалсанаас болц гүйцэхгүй, мөн өвчин, хортонд өртөмтгий зэргээс шалтгаалж, ургац алдан тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна.

-Ургамлын шинэ сортыг багадаа 15 жилийн хөдөлмөрийн дүнд бий болгодог. Цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр зарцуулдаг тул шинэ сорт бүтээхийг дэмжин, бүртгэх, зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалах гэдгийг ХХААХҮЯ мэдээлэв.

Шинээр боловсруулсан, 31 зүйл бүхий тус хууль нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Хуулийн төсөл батлагдсанаар таримал ургамлын шинэ сортыг бүртгэж, хамгаалан, түүнийг нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үрийн сортын хэв шинжийг хадгалах, түүний чанар, аюулгүй байдлыг хянах, баталгаажуулах тогтолцоо бүрдэж, га-аас авах ургацын хэмжээ болон тариаланчдын орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн, таримал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, эрүүл, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулан бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон баталгаажсан сортын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах боломжтой болно. Гадаад улстай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхиа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж ч нэмэгдэх аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)