УИХ Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж байна.

Тодруулбал, хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой асуудал гардаг. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, байр суурьтай холбоотой асуудал мөн гардаг тул хаалттай хэлэлцэх хэрэгтэй” гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Хорих анги, байгууллагад 2021 оны зургадугаар сарын 24-ний байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авсан 4529 ялтан, хоригдсон этгээд байгаа юм байна. Нэг хүний өдрийн хоол хүнсэнд 6000-8000 төгрөг зарцуулдаг болохыг танилцуулгад дурдав. Хорих анги, байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамран тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд, биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй, өндөр настай хоригдол, баривчлагдсан этгээд хүндээр өвчилж, амь насаа алдах аюултай нөхцөл бүрдэх болзошгүй байгаа аж.

Торгох ялаар 1664, нийтэд тустай ажил хийх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 хүнийг шийтгэж,  хяналт тавьж байгаа бөгөөд тэдгээрээс өршөөлд хамруулахгүй, гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлсэн 117, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 125 ялтан байгаа юм байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 165, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 39, хөрөнгө орлогыг нь хураах албадлагын арга хэмжээ авсан 412, эрх хасах албадлагын арга хэмжээ авсан 3, нийт 4529 этгээдэд хяналт тавьж байгаа юм.

Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэсэн бөгөөд бүртгэгдсэн зөрчлийг зүйл, хэсгээр нь авч үзвэл 6 696 529 буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил аж. 257 071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан зөрчил юм байна. 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн бол 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил эзэлж байгаа бол 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах зөрчил, 2681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, 280.907 буюу 3.8 хувийг нь бусад төрлийн зөрчил эзэлж байгаа гэх тоон мэдээллийг мөн төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6 154 933 удаагийн зөрчилд бэлэн бусаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3 035 324 удаагийн зөрчилд оногдуулсан 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд тухайн зөрчлүүдэд 168 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байгаа юм байна. Дээрх хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байгаа гэж үзсэн байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөхөөр тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Ялаас өршөөхөд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 6.7.1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дэх зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан болон торгох ялын 15 нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын 1 хоногоор тооцож,  ялаас дүйцүүлэн хасах юм байна.

Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй гэв. ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх хоёр жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан гэв. Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад зөрчил үйлдэж, оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор төсөлд тусгажээ.

Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй байхаар хууль хэрэглэх журмыг тусгажээ. Мөн 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр төсөлд тусгажээ. Тус хууль нь 2017 оны долдугаар сарын 30-ны 23.59 цаг хүртэлх хугацаанд 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон энэ зургадугаар сарын 24-ний өдрийн 23.59 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгалаа.

Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэх юм байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39 156 этгээд хамрагдах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)