Тэмээн хяруулын өндөг 1.7 кг жинтэй байдаг

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг Өвөр Монголын Баяннуур хотын Ү Юань дүүргийн Дэнжтэй суурингийн "Мэн Няо" тэмээн хяруулын аж ахуй эрхэлдэг компанитай танилцлаа. 

Нийт 320 гаруй га нутагт  аж ахуй эрхэлдэг тус компани нийт 3 000 гаруй тэмээн хяруултай. Эдгээр нь ихэвчлэн Африк үүлдрийнх бөгөөд махны чиглэлээр үржүүлдэг аж. Мөн арьс үсээр нь гоо сайхны бүтээгдэхүүн, өндгөөр нь гар урлалын бүтээгдэхүүн хийж ашиг орлого олдог байна. 

Тэмээн хяруул ойролцоогоор 2.5-2.7 метр өндөр, жин нь 150 кг. Ер нь бол шувууны аймагт багтдаг хамгийн том шувуу. Тиймээс голдуу махны чиглэлээр үржүүлдэг. Өдний өнгө нь хүйсээс хамаарч өөр өөр байдаг.  Эр тэмээн хяруул ихэвчлэн  бараан зүстэй, сүүл нь цагаан байдаг бол эм нь саарал голдуу өнгөтэй, мөн биеэр арай бага.  

Амьдрах орчны хувьд ил задгай, элсэрхэг, хуурай газарт дасан зохицож амьдрах нь хурдан байдаг. Өвсөн тэжээлтэн гэх хэдий ч царцаа, мэрэгч амьтны сэг зэмээр хооллодог. Хоёр хуруутай, нэг харайлт нь 3-4 метр гээд тооцохоор цагт 70 км хурдалдаг гэсэн үг.  

Дунджаар 30-40 жил насалдаг тэмээн хяруулын өндөг 15-20 см урттай, 1.7 кг жинтэй, бат бөх хальстай. Насанд хүрсэн хүн дээр нь зогсоход хагарахгүй гэж тайлбарлаж байв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.86.117.142)