Экспорт өмнөх сарынхаас 331 сая ам.доллароор нэмэгджээ

Монгол Улс энэ оны эхний 5 сарын байдлаар 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 5.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.3 тэрбум, импорт 2.6 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (48.2 хувь) тэрбум, экспорт 1.3 (65.7 хувь) тэрбум, импорт 609.2 (30.6 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин өнгөрсөн 5 дугаар сард экспорт 827.3 сая, импорт 640.4 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 331 (66.7 хувь) сая, импорт 202.8 (46.4 хувь) сая ам.доллароор нэмэгдэв.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний 5 сард 13.9 сая ам.долларын ашигтай байсан бол 2021 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 708.5 сая ам.доллароор өсөж, 722.4 сая ам.долларын ашигтай байна. БНХАУ-тай энэ оны эхний 5 сард 4 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68.2 хувийг эзэлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 29 хувийг чулуун нүүрс, 33.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99, БНСУ-д экспортолсон барааны 76.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 211.8 сая, зэсийн баяжмалын экспорт 386.7 сая, нүүрсний экспорт 428.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөллөө. Энэ оны 4 дүгээр сард 710.6 мянган тн нүүрс экспортосолсон бол 5 дугаар сард өмнөх сарынхаас 685.3 мянган тонноор нэмэгдэж, 1.4 сая тн болсон нь экспорт өмнөх сарынхаас 331 сая ам.доллароор өсөхөд нөлөөлжээ.

Импортын дүнгээр энэ оны эхний 5 сард, БНХАУ 40.2, ОХУ 25.8, Япон Улс 6.6, БНСУ 4, ХБНГУ 4 хувийг эзлэн, нийт импортын 80.6 хувийг бүрдүүлж байв. ОХУ-аас импортолсон барааны 49 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 68.5 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.1 хувийг цахилгаан эрчим хүч, 15.6 хувийг ачааны тэрэг, 79.3 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 609.2 сая ам.доллароор нэмэгдэхэд улаан буудайн импорт 40.7 сая, ачааны автомашины импорт 121.3 сая, дизелийн түлш 38.7 сая, суудлын автомашины импорт 29.1 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн аж.

Нийт экспортын 87.7 хувийг эрдэс, хүнсний бэлэн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа бол импортын 64.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.224.147.211)