Ипотекийн 125 тэрбум төгрөгийн зээлийг энэ сард олгоно

Монголбанк зургадугаар сард 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилжээ.

Холбогдох гэрээний дагуу банкууд эх үүсвэрээсээ 50 тэрбум төгрөгийг нэмэн, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгож байна.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 5 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4 426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн гэдгийг төв банк мэдээлэв.

Өнгөрсөн 4 жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол энэ онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.3 дахин их үзүүлэлт аж.

Монголбанкнаас цаашид орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан, хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)