К.Эриксенийг зүрхний шигдээс болсон гэв

"Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах "Евро-2020" тэмцээний Дани-Финландын шигшээ багуудын тоглолтын үеэр ухаан алдан унасан хөлбөмбөгч Кристиан Эриксен зүрхний шигдээс болсон" гэж Данийн багийн эмч Мортен Боесен мэдэгдэв.

Данийн шигшээ багийн хагас хамгаалагчийн биеийн байдал тогтворжсон талаар холбогдох албаны төлөөлөгчид урьд нь мэдээлээд байв. К.Эриксен Копенхаген хотноо бямба гарагт болсон тоглолтын нэгдүгээр үе дуусахын өмнөхөн гэнэт талбай дээр ухаан алдан унасан юм.

“Хөлбөмбөгч зүрхний шигдээс болсон байсан бөгөөд бид түүнд зүрх-уушгины сэхээн амьдруулалт хийсэн. Түүнийг амь насаа алдахад хэр ойрхон байсныг би хэлж мэдэхгүй байгаа ч нэг удаа дефибриляци хийсний дараа сэргэсэн” гэж М.Боесон мэдээлжээ.

Мөн тэрбээр цааш үргэлжлүүлэн хэлэхдээ, “Одоогоор тамирчинд хийсэн шинжилгээнүүдийн хариу хэвийн байгаа тул яагаад зүрхний шигдээс болсныг нь тайлбарлаж чадаагүй байна” гэв. “Интер Милан” клубийн тоглогч, өдгөө 29 настай К.Эриксенд тоглолтын талбай дээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, улмаар эмнэлэгт хүргэсэн юм. 

Эх сурвалж: КОПЕНХАГЕН. /BBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (54.81.33.119)