Оросын өдрийг Улаанбаатарт тэмдэглэв

Жил бүрийн 6 дугаар сарын 12-нд тохиодог ОХУ-ын тусгаар тогтнолын "Оросын өдөр"-ийг өнгөрсөн бямба гарагт хуучнаар Оросын шинжлэх ухаан-соёлын төв буюу "Русский Дом в Улан-баторе"-д  тэмдэглэлээ. Тусгаар тогтнол, эрх чөлөөний энэ өдрийг ОХУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг. Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв тогтсон уламжлал ёсоор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж монголчуудад, Монгол Улсад оршин суугаа эх орон нэгтнүүддээ бэлэг барилаа. Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд суугаа Элчин сайд Цай Веньруй болон Беларусь улсын дипломат төлөөлөгч нар зочноор оролцсон юм.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад ажиллаж, амьдарч буй эх орон, элэг нэгтнүүддээ Оросын өдрийн баярын мэндийг хүргэж, "Оросын төрийн баярын өдөр нь олон үндэстэн ястан, шашин шүтлэгтэй ОХУ-ын Холбооны улсын эв нэгдлийг бэлгэдсэн, иргэн бүрийн маань эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах гэсэн хүслийг агуулсан өдөр байдаг" гэдгийг онцлов. Тэрээр, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй эх орон, элэг нэгтнүүддээ хандан, "Та бүхний иргэний идэвхтэй байр суурь тань Монголын ард түмэнтэй найрсаг дотно, сайн хөршийн харилцаа бэхжүүлэхэд маш чухал юм" гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

"Оросын өдөр"-ийн ёслолын үйл ажиллагаанд хоёр орны найрамдлын нийгэмлэг болон Монгол Улсын бизнес-эдийн засаг, нийгэм, соёлын төлөөлөгч нар оролцож, соёл урлагийнхан тоглолт хийв. Тодруулбал, “Русский Дом”-д ОХУ-ын Төрийн далбааг мандуулах ёслол, орос номын яармаг худалдаа, зураач Энхбатын Цолмонбатын “Сэтгэгдлийн үдшүүд” уран зургийн үзэсгэлэн, ОХУ-ын Москва хотын хөгжмийн академийн дуурийн дуулаачийн ангийн оюутан Ганбаатарын Барсболдын “Боргоцой хүү” цомгийн нээлт, Монгол урлагийн мастеруудын оролцсон баярын концерт, Монгол Улсад оршин суугаа орос иргэддээ шагнал гардуулах ёслол зэрэг арга хэмжээ боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.90.187.11)