ДЭМБ Африкт 20 сая тун вакцин нийлүүлэхийг уриаллаа

Африкийн орнуудад “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст хоёр дахь тунг нь тарихад тусламж үзүүлэх үүднээс 20 сая тун вакцин нийлүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уриалав.

Мөн Африкт “COVID-19” халдварын үзүүлэлтүүд гурван долоо хоногийн турш буурсны эцэст дахин нэмэгдэж эхэлснийг анхааруулжээ. Тус тивд ням гаргийн байдлаар 4.7 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 17 хувиар өссөн байна.  

ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан тэргүүн Матшидисо Моэти, “Африкт халдварын шинэ давлагаа эхэлсэн эсэхийг хэлэхэд эрт байгаа ч олон оронд халдварын үзүүлэлтүүд өсөх болоод байна. Иймээс “COVID-19”-ийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Түүний мэдээлснээр, Африкт илэрсэн халдварын шинэ тохиолдлуудын гуравны нэг орчим нь Өмнөд Африкт бүртгэгдэж байгаа бөгөөд тус улсад тархсан шинэ хувилбарууд хөрш орнуудад тархаж байж болзошгүй байна. Мөн халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буй Африкийн 11 орны дунд Намиби, Замби багтаж буйг тэрбээр онцлон хэллээ.

Өнөөдрийн байдлаар 1.4 тэрбум хүн амтай Африкт 28 сая тун вакцин тарьжээ. Түүнчлэн эхний тунгаа хийлгэсэн хүмүүст бүрэн дархлаа тогтооход долоодугаар сарын дунд үе гэхэд “Oxford-AstraZeneca”-гийн хамгийн багадаа 20 сая тун вакцин шаардлагатай байна.

“Африкт вакцин хэрэгтэй байна. Вакцинжуулалтын аян түр зогсох нь олон хүний амь нас, итгэл найдварыг үгүй хийхэд хүргэнэ. Үүний зэрэгцээ есдүгээр сар гэхэд Африкийн хүн амын 10 хувийг вакцинжуулахад 200 сая тун вакцин хэрэгтэй байна” гэж М.Моэти мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр эрсдэлтэй бүлгийн хүн амаа вакцинжуулсан орнуудад хандан вакцинаасаа хуваалцахыг уриалаад, Франц дотоодын нөөцөөсөө Африкт олон арван мянган тун вакцин хандивласан анхны орон болсныг онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Европын Холбоо бага орлоготой орнуудад 100 сая гаруй тун, АНУ 80 сая тун вакцин нийлүүлэхээр болсныг ДЭМБ мэдээлээд, энэхүү жишгийг дагахыг бусад чинээлэг орнуудад уриалсан байна. 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /VOA/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.78.150)