Маргааш-Дэлхийн сүүний өдөр

Жил бүрийн зургадугаар сарын нэгэн-Дэлхийн сүүний өдөр. Энэ өдрийг гадаадын 50 гаруй улс орон уламжлал болгон, манай улс 2016 оноос тэмдэглэж байна.

Энэ өдрөөр сүү сүүн бүтээгдэхүүн, шим тэжээлийн ач холбогдлыг сурталчлан таниулдаг юм. ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Сүүний мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл хамтран "Дэлхийн сүүний өдөр"-т зориулсан хэвлэлийн хурал зохион байгуулав.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, “Одоогоор экспортод гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл цөөхөн ч бяслаг, аарц, жимс сүүний холимог бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын зах зээлд гаргах боломж бий. Түүнчлэн бага насны хүүхэд, бага ангийн сурагчдад өдөр бүр нэг аяга сүү хэрэглэх боломж бүрдүүлэхийг зорьж байгаа-г дурдлаа.

ХХААХҮЯ сүүний хэрэглээг нэмэх, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сүүний урамшууллыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 3-р сарыг дуустал 9.4 сая литр сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт олгожээ. Энэ нь импортын хуурай сүүний хэмжээг багасгах, дотоодын үйлдвэр, малчин, фермерүүдээ дэмжих зорилготой. Мөн анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатанд сүү бэлтгэлийн системийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад анхаарч байгаа аж.

Түүнчлэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэхдээ, “Ази тивийн нийт сүүний 80 орчим хувийг жижиг аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэж байна. Сүүний салбарын хөгжил нь жижиг тариаланч, малчдад олон давуу тал бий болгохоос гадна өрхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн чанарыг сайжруулдаг. Сүүлийн 30 жилд Азийн бүсийн сүүн бүтээгдэхүүний эрэлт гурав дахин нэмэгдсэн нь бүсийн хэмжээнд хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, малчид, фермерийн аж ахуйг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэсэн юм.

“Монгол Улсын нэг иргэн нэг жилд дунджаар 88 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэ тоог 3 дахин нэмэх шаардлагатай аж. Мөн ходоодны хелико бактерийг дарангуйлдаг бифидо бактери, пробиотик бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ашиглах хандлага руу эрчимтэй оржээ.

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар “Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг нийлүүлж байна.

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын ХХААБ-ын санаачилга, хамтын ажиллагаа, дэмжлэгээр Улаанбаатарт 2020 онд байгуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)