МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэх бичиг баримтаа дээд шүүхэд хүргүүлэв

МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа тухай бичиг баримтаа өнөөдөр 9.00 цагт Улсын дээд шүүхэд хүргүүлсэн тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээллээ. 

Тус нам анхан шатныхаа гишүүд болон зарим дүүрэг, орон нутгийн МАН-ын анхан шатны нэгжтэй хамтран санал асуулга явуулахад, гишүүдийн олонх хоёр намыг нэгдэн нийлэхийг дэмжсэн байна. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр, "Бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримтлал болгосон. Нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд 10 жилийн өмнө тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтай болсон тул тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. Энэ 10 жилийн хугацаанд бидний ярьж, шүүмжилж байсан сэдэв олон түмэнд хүрсэн.

Тухайлбал, МАН, МАХН-ын дунд маргаан болж байсан нэг сэдэв бол МАНАН гэдэг улс төрийн үзэгдэл. Энэ үзэгдэл улс төр, нийгэм, эдийн засагт хортой гэдгийг сүүлийн жилүүдэд МАН-ын удирдлагууд сайн мэдэрсэн. Тиймдээ ч МАНАН дэглэмийн эсрэг жагсаал зохион байгуулж, үүний эсрэг тэмцэх болсон нь бидний зөв байсныг нотолж байна.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээг байгуулах үед, гэрээгээр халхавчилсан луйвар болж байна гэж тухайн үед шүүмжилж байсан. 2009 оноос хойш бидний шүүмжилж байсан гэрээг засахгүйгээр цаашид Монгол Улс хөгжихгүй гэдгийг МАН-ын удирдлагууд ойлгосон.

Гуравдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэсэн шүүмжлэлийг олон жил ярьсан ч тухайн үед Монголд хөрөнгө оруулалт нь зогссон байсныг хөдөлгөлөө гэж тайлбарлаж байлаа. Энэ бол луйвар, булхай, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг одоо нийгмийн бүх давхарга ойлгосон. МАН-ын удирдлагууд ч энэ гэрээг хүчингүй болгохоо албан ёсоор зарлаж байна.

Эрдэнэтийн 49 хувийг авах үйл ажиллагаа хууль бус болсныг шүүмжилж байсныг тухайн үед УИХ, Засгийн газарт МАХН-ыг төлөөлж байсан эрхмүүд гаргаж тавьснаар асуудлыг МАН-тай хамтран шийдвэрлэсэн. Сүүлийн 10 жилийн турш бидний ярьж, тэмцэж байсан асуудал өнөөгийн МАН-ын байр суурьтай ижил болж байна. Хууль шүүхийн байгууллагын гаж тогтолцоог засах ёстой гэж байсныг МАН, АН анхааралдаа авч эхэллээ.

Нэг түүхтэй, байр суурь ижил тохиолдолд МАН-тай тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр дүн багатай, цаг үрсэн ажил болно. Нөгөөтэйгүүр, энэ жил нэг гарал үүсэлтэй манай хоёр намын 100 жилийн ой болж байна. Тиймээс өвөг дээдсийнхээ хийсэн ажлыг хүндэтгээд цаашид залуу үедээ Монгол Улсыг хөгжүүлэх үүд хаалгыг нь нээж өгөхөөр намын үйл ажиллагааг нэгтгэх нь зүй гэж үзлээ" хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)