Хөгжилтэй CHALLENGE-ийн санаанууд

Одоогийн байдлаар бид найз нөхөдтэйгөө биечлэн уулзаж, цагийг зугаатай өнгөрөөх боломжгүй байгаа ч интернэтийн тусламжтайгаар холбоо тогтоож, дурсамж бүтээх бүрэн боломжтой байна. 

Ингээд найзуудтайгаа хийж болох найман хөгжилтэй challenge-ийг санал болгоё. 

1. ЧИХРИЙГ ХЭРЭГЛЭЭНЭЭСЭЭ ХАСАХ

Элсэн чихэр эрүүл мэндэд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй ч үүнийг хүнснээсээ бүрэн хасна гэвэл мөн л буруу. Учир нь бүхий л жимс болон ихэнх нэр төрлийн хүнсний ногоонд элсэн чихэр агуулагдаж байдаг шүү дээ. Хүн эрүүл байхын тулд өдөрт 24 граммаас ихгүй хэмжээний сахарыг хэрэглэх шаардлагатай гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс өдөрт элсэн чихрийг зохих хэмжээнээс давуулан хэрэглэдэг бол найзуудтайгаа хамт энэ хэмжээг бууруулах challenge эхлүүлээрэй. 

Анхааруулга: Хэрэв та элсэн чихэр их хэрэглэдэг төрлийн хүн бол хэрэглээгээ огцом бууруулахаас зайлсхийгээрэй. Жишээлбэл та кофендоо гурван халбага элсэн чихэр хийдэг байсан бол үүнийгээ эхний долоо хоногт хоёр халбага, дараа долоо хоногт нь нэг халбага болгох маягаар бууруулахыг зөвлөж байна. 

2. ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС ЗАВСАРЛАГА АВАХ

Энэ цаг үед техник хэрэгсэл, интернэт сүлжээний тусламжтайгаар гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байж, хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авч байгаа нь сайшаалтай ч асар их цаг хугацааг олон нийтийн сүлжээгээр хэсэн дэмий өнгөрөөж, бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ хохирол учруулж байгаа билээ. 

Тэгвэл нэг долоо хоногийн туршид цахим ертөнцөөс завсарлага авахыг найз нөхдөдөө санал болгон уриалаарай. Бүр боломгүй бол амралтын хоёр өдөр байсан ч болох юм. 

3. БЯСАЛГАЛ ХИЙХ

 

Хүмүүсийн дунд бясалгалыг зөвхөн насанд хүрсэн хүмүүс хийдэг гэх ташаа ойлголт түгээмэл байдаг. Гэвч шилжилтийн нас, найз нөхөд, хайр дурлал, хичээл, шалгалт гээд санаа зовох зүйл чамгүй олонтой бидэнд ч мөн бясалгал хийх хэрэгцээ бий. 

4. ҮГ ЦЭЭЖЛЭХ

Хэлтэй бол хөлтэй гэгчээр сурсан, мэдсэн зүйл ямар ч үед хэрэг болдог шүү дээ. Тиймээс найзуудтайгаа хамтдаа хөгжих зорилгоор өдөрт хамгийн багадаа гурван үг цээжлэх challenge-ийг эхлүүлээрэй.

Хүн сурсан зүйлээ өдөрт тутамдаа ашиглаж, мэдлэгээ бататгахгүй бол амархан мартах сул талтай тул өмнө нь цээжилсэн үгээ санаж байгаа эсэхийг тодорхой хугацааны давтамжтай шалгаж бас хэвшээрэй. 

5. НОМ УНШИХ

Найзуудынхаа дунд ном унших challenge эхлүүлнэ гэвэл ямар вэ? Сонирхолтой биш гэж үү? Ингэхдээ бүгд ижилхэн ном уншилгүйгээр өөр өөрийнхөө сонирхсон номыг уншаарай. Ингэх нь сонирхолтой байхаас гадна үр өгөөжтэй байх болно. Таны уншихыг хүссэн номыг найз тань уншихыг хүсэхгүй байж болно шүү дээ. 

Сонирхуулан хэлэхэд номоо уншиж дуусмагцаа номын тэмдэглэл хөтлөх нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, найруулгын ур чадвар гээд олон талын ашиг тустай байдаг. Тиймээс уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөхөөс бүү төвөгшөөгөөрэй. 

6. ГАДААД ХЭЛЭЭР ХАРИЛЦАХ

Ямар ч хэлийг бүрэн гүйцэд эзэмшихийн тулд ярих, бичих, сонсох, унших гэсэн чадваруудад суралцах хэрэгтэй болдог. Тэгвэл энэ удаад долоо хоногийн ядаж ганцхан өдрийг сурч буй шинэ хэлээрээ бие биетэйгээ харилцаж өнгөрүүлбэл сонирхолтой биш гэж үү?

7. КИНО МАРАФОН

Өмнөх шигээ найзуудтайгаа хамт попкорн, ундаагаа аваад, кинотеатрын зөөлөн сандал дээр тухлан суугаад шинэ, сонирхолтой кинонуудыг үзэх боломжгүй байгаа хэдий ч интернэт орчинг ашиглан үзмээр байгаа киногоо хамтдаа үзэх бүрэн боломжтой аж. 

8. НУУЦ ХООЛНЫ ЖОР БҮТЭЭХ

Найзуудтайгаа аяллаар явах, нэг нэгнийдээ зочлох үеэр шинэ хэв маягийг бүрдүүлж найзуудаас тань өөр хэний ч мэдэхгүй жороор хийсэн амтат хоолыг зооглох нь сонирхолтой биш гэж үү?

Дүрэм: Хүн тус бүр хоолны жор шинээр бүтээж түүнийгээ найз нөхдөдөө танилцуулна. Хамгийн их сонирхол татсан жорд хүн тус бүр санал өгч их санал авсан нь найзуудын хоолны жор болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.54.111.228)