Өсвөрийнхөн тохиромжтой орчин цагийн ШИЛДЭГ 20 кино

Өсвөр насанд бие махбод болоод сэтгэлзүйн олон өөрчлөлт явагддаг учир маш олон зүйлийн талаар эргэцүүлэх шаардлага гардаг. Зарим асуултынхаа хариултыг олж чадахгүйдээ шаналах үе ч бий. 

Тэгвэл өсвөр насныханд зориулагдсан дараах хорин кино та бүхэнд хэчнээн ихээр бодоод ч олоогүй асуултын тань хариуг өгч магадгүй юм. 

1. MY TUTOR FRIEND (2003)

IMDb үнэлгээ: 6.7/19

Гол дүрд: Kim Ha-Neul, Kwon Sang-Woo

Тайлбар:

Угтаа бол их сургуулийн хоёрдугаар курсэд сурч байх ёстой байсан баян айлын хүү Ji-hoon одоо хүртэл ахлах сургуулиа төгсөж чадаагүй л явна. Гэр бүлийнхэн нь ахлах сургуульдаа бүр гурван ч удаа улирсан түүнд туслахаар гэрийн багш хөлсөлнө. Гэвч гэрийн багш Su-wan энгийн нэгэн айлын охин бөгөөд Ji-hoon-тэй чацуу. Тэдний хооронд ямар үйл явдал өрнөхийг киноноос үргэлжлүүлэн үзээрэй. 

"My Tutor Friend" кино 2003 онд нээлтээ хийснээс тавхан хоногийн дотор тасалбар нь 4,809,871 хувь худалдаалагдсанаар тухайн жилийнхээ хамгийн өндөр ашиг орлоготой солонгос киноны жагсаалтын гуравдугаар байрыг эзэлжээ. 

2. MEAN GIRLS (2004)

IMDb үнэлгээ: 7.0/10

Гол дүрд: Lindsay Lohan, Rachel McAdams, Amy Poehler, Tina Fey

Тайлбар: 16 настай Cady охин эцэг эхийнхээ судалгааны ажлын хүрээнд бүтэн 12 жилийн турш Африкт амьдарсан нэгэн. Ингээд тэрээр төрсөн нутагтаа эргэн ирж North Shore ахлах сургуульд шилжин орж, сургуулийнхаа хамгийн нэр хүндтэй гурван охинтой нөхөрлөснөөр киноны үйл явдал эхэлнэ. 

Нэг л мэдэхэд бүхий л зүйл түүний хяналтаас гарч тэрээр нэр хүнд, найз нөхөд, хайр дурлал гээд бүхнээ алдах боловч буруугаа хүлээн зөвшөөрч чадсанаар энэ бүгдийг эргүүлэн авдаг. 

Өсвөр насны охидын дунд түгээмэл байх жинхэнэ болон хуурамч нөхөрлөл, атаа хорсол, хов жив гээд бүгдийг маш тодорхой харуулсан уг кино өсвөр насныхны заавал үзэх киноны жагсаалтад өдгөө ч багтсаар байна. 

3. EASY A (2010)

IMDb үнэлгээ: 7.0/10

Гол дүрд: Emma Stone, Penn Badgley, Amanda Bynes

Тайлбар: Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л Box Office-ын жагсаалтын дэд байранд бичигдсэн энэхүү кино бусдад худал хэлэх нь хэчнээн эрсдэлтэй, алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хэчнээн чухал болохыг харуулсан билээ. 

Ахлах сургуулийн сурагч Olive дотнын найздаа нэгэн зүйлийн талаар худал хэлсэн ч харамсалтай нь үүнийг нь өөр нэгэн сонссоноор энэ тухай цуурхал сургууль даяар тараадаг. Olive энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг киноноос үзээрэй. 

4. SUPER 8 (2011)

IMDb үнэлгээ: 7.0/10

Гол дүрд: Elle Fanning, Joel Courtney, Ryan Lee, Gabriel Basso, Kyle Chandler

Тайлбар: Аймшгийн кино төрөлд нэр хүндтэй эрхэм болох Steven Spielberg-ийн продюсэрээр нь ажилласан "Super 8" киног санал болгож байна. 

Киноны үйл явдал 1976 онд өрнөх бөгөөд АНУ-ын Охайо мужийн жижиг хотод амьдардаг найзууд зуны амралтаараа кино бүтээлийн уралдаанд оролцохоор болно. Гэвч зураг авалтын үеэр тэд нэгэн ноцтой үйл явдлыг камерын дурандаа буулгаснаар учир нь үл ойлгогдох хэрэгт орооцолддог. 

5. SCHOOL OF ROCK (2003)

IMDb үнэлгээ: 7.1/10

Гол дүрд: Jack Black, Joan Cusack, Mike White, Sarah Silverman

Тайлбар: Алдарт комедиан Jack Black-ийн гол дүрд нь тоглосон уг кино 35 сая ам.долларын өртгөөр бүтсэн ч 131 сая ам.долларын ашиг орлого олсон гайхалтай бүтээл билээ. 

Dewey бол дуу хөгжимд амьдралаа зориулсан нэгэн. Хөгжим түүнд аз жаргал бэлэглэхийн хэрээр тэрээр хөгжимгүйгээр амьдарч чадахгүйгээ ухаарна. Гэвч Dewey маш чухал сонгон шалгаруулалтын өмнө бүтэлгүйтсэнээр хамтлагийнхан нь түүнийг өөр нэгэн гитарчнаар сольдог. Хөгжимд амиа өгөхөөс ч буцахгүй тэрээр өөрийн аяллыг хэрхэн үргэлжлүүлэхийг киноноос хүлээн авч үзээрэй. 

Өөрийн сонирхолдоо үнэнч байх, зорилгынхоо төлөө тууштай тэмцэхийн сайхныг энэхүү киноноос мэдрэх боломжтой. 

6. JUNO (2007)

IMDb үнэлгээ: 7.4/10

Гол дүрд: Elliot Page, Michael Cera

Тайлбар: 16 настай Juno охин найз Paulie-гаасаа бие давхар болсноо мэдсэнээр киноны үйл явдал эхэлнэ. Үеийнхнээ бодвол харьцангуй биеэ даасан тэрээр удаан бодсоны эцэст хүүхдээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлж чадах хүмүүст үрчлүүлэхээр шийддэг.

80 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг зохиол" шагналыг хүртсэн уг кино танд маш нандин мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна.

7. LADY BIRD (2017)

IMDb үнэлгээ: 7.4/10

Гол дүрд: Saoirse Ronan, Laurie Medicaf, Tracy Letts

Тайлбар: Гол дүрийн охин Lady Bird-ийн хурц ухаан, өвөрмөц зан араншинг тодотгосон уг бүтээлийг кино шүүмжлэгчид яах аргагүй 2017 оны шилдэг киноны нэг хэмээн дүгнэсэн байдаг. 

Ахлах ангийн сурагч Christine охин гэр бүлийнхээ санхүүгийн бололцоог үл хамааран Нью-Йоркийн аль нэг сургуульд суралцахыг мөрөөддөг нэгэн. Ингээд тэрээр гэрээсээ явснаар үйл явдал эхэлнэ.

8. SPIDER-MAN: HOMECOMING (2017)

IMDb үнэлгээ: 7.4/10

Гол дүрд: Tom Holland, Michael Keaton, Jon Favreau, Gwyneth Paltrow, Zendaya

Тайлбар: Ахлах сургуулийн сурагч Peter Parker супер хүчтэй болсноор гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ гэр бүл болон хичээл сурлагадаа анхаарах хэрэгтэй болно. Улмаар Нью-Йорк хотыг Vulture хэмээх дайснаас аврах шаардлагатай тулгарна. 

9. EIGHTH GRADE (2018)

IMDb үнэлгээ: 7.4/10

Гол дүрд: Elsie Fisher, Josh Hamilton, Emily Robinson

Тайлбар: Наймдугаар ангийн сурагч Kayla үг дуу цөөнтэй, интроверт нэгэн боловч олон нийтийн сүлжээнд нээлттэй, өөртөө итгэлтэй байж чаддаг нэгэн. Улмаар тэрээр өөрийгөө хэн нэгний дүрд хувирах гэж хичээж буйг ухаарч, айдсаа даван туулах болно. 

Өөрөөрөө байхын чухлыг, олон нийтийн сүлжээнд хэт автахын хор уршгийг харуулсан уг бүтээл интроверт өсвөрийнхний заавал үзэх киноны нэг байх болно. 

10. SCOTT PILGRIM VS. THE WORLD (2010)

IMDb үнэлгээ: 7.5/10

Гол дүрд: Michael Cera, Mary Elizabeth Winstead, Anna Kendrick

Тайлбар: Scott Pilgrim бол 23 настай рок хамтлагийн басс гитарчин. Тэрбээр найз нөхөд болон хамтлагийн гишүүдийнхээ эсэргүүцлийг үл тоон ахлах сургуулийнхаа нэгэн хөөрхөн, эгдүүтэй охинтой болздог байв. Гэвч түүний амьдралд Ramona хэмээх охин гарч ирснээр киноны гол үйл явдал өрнөнө.

2010 онд нээлтээ хийсэн уг бүтээл хэдийгээр тийм ч их хэмжээний ашиг орлого олоогүй ч кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан билээ. Бүр 83 дахь удаагийн Оскарын наадмын Шилдэг уран зөгнөлт кино төрөлд нэр дэвшээд ч амжсан байдаг. Үүгээр ч зогсохгүй уг кино зохиолоос сэдэвлэсэн видео тоглоом нь АНУ даяар ихээхэн алдаршиж байсан удаатай.  

11. SUPERBAD (2007)

IMDb үнэлгээ: 7.6/10

Гол дүрд: Michael Cera, Jonah Hill, Seth Rogen, Emma Stone, Christopher Mintz-Plasse

Тайлбар: Одоо танилцуулах гэж буй уран бүтээл бол мөн л жүжигчин Michael Cera-гийн тоглосон кино юм. Seth, Evan нар бол төгсөх ангийн сурагчид. Тэд коллежид орох хүртлээ өөрсдийн амьдралын хором мөч бүрийг аз жаргалтай, зугаатай өнгөрөөнө хэмээх өөрсдөдөө амласан найзууд. Гэвч тэд нэгэн үдэшлэгт уригдсанаар томоохон асуудалд орох болно. 

2007 онд нээлтээ хийсэн инээдмийн төрлийн уг бүтээл 20 сая ам.долларын өртгөөр бүтсэн ч ойролцоогоор найм дахин их хэмжээний ашиг орлого олсон амжилттай ажиллажээ. 

12. HARRY POTTER

IMDb үнэлгээ: 7.6/10

Гол дүрд: Daniel Radcliffe, Rubert Grint, Emma Watson

Тайлбар: "Harry Potter" цуврал 2001-2011 оныг хүртэл нийт найман ангийг үзэгчдийн хүртээл болгожээ. Harry Potter болон зохиолч J. K. Rowling-ийг танихгүй хүн үгүй болсон өнөө цагт киноны үйл явдлын талаар тайлбарлах ч шаардлагагүй болов уу. 

Ямартай ч энэхүү кино адал явдал, ид шидэд "нугасгүй" өсвөр насныхны заавал үзэх кино жагсаалтад багтдаг тул үзэж амжаагүй байгаа бол заавал үзээрэй хэмээн зөвлөж байна. 

13. LOVE SIMON (2018)

IMDb үнэлгээ: 7.6/10

Гол дүрд: Nick Robinson, Josh Duhamel, Jennifer Garner

Тайлбар: Энэхүү кино өсвөр үеийнхэнд зориулагдсан бусад кинонуудын адилаар хайр дурлалын талаар голчлон өгүүлэх боловч та бүхэнд арай өөр мэдрэмжийг өгөх болно. "Love Simon" киноны зураг авалтын хэв маяг, жүжигчид, аль эсвэл кино зохиол нь таалагдаж болох юм. Гэхдээ энэ киног үзсэн хэн бүхэн "Хүн өөрийн бэлгийн чиг баримжаа болон сонирхлыг сонгож төрдөггүй" гэсэн ойлголттой үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

14. THE FAULT IN OUR STARS (2014)

IMDb үнэлгээ: 7.7/10

Гол дүрд: Shailene Woodley, Ansel Elgort, Nat Wolff

Тайлбар: Зохиолч John Green-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн "The Fault in Our Stars" кино 2014 онд нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлж, 307 сая ам.долларын ашиг орлогыг олжээ. 12 сая ам.долларын өртгөөр бүтсэн шүү дээ!

Хорт хавдрын улмаас шаналж буй Hazel болон Augustus нар хавдрын эсрэг дэмжих бүлгэмийн уулзалтын үеэр танилцаж өвчинтэйгөө хамтдаа тэмцэх болно. Үзсэн хүн бүрийнхээ сэтгэлийг хөдөлгөж, сормуусыг нь чийглэдэг энэхүү киног үзсэний дараа энэ амьдрал тань юу юунаас илүү утга учиртай санагдана гэдэгт итгэлтэй байна. 

15. TO ALL THE BOYS I'VE LOVED BEFORE (2018)

IMDb үнэлгээ: 7.7/10

Гол дүрд: Lana Condor, Noah Centineo, Janel Parrish, Anna Cathcart

Тайлбар: Lara Jean бол яг л кино зохиол дээр гардаг шиг гайхалтай үерхлийг мөрөөддөг охин. Тэрээр хэн нэгэнд дурлах бүрдээ түүнд зориулан нандин үгс бүхий захидал бичдэг ч эзэн рүү нь огт илгээхгүйгээр өөртөө хадгалдаг байлаа. Гэвч нэгэн өдөр захидлууд гэнэтийн байдлаар эздэдээ очсоноор киноны үйл явдал өрнөнө. 

16. SUNNY (2011)

IMDb үнэлгээ: 7.8/10

Гол дүрд: Shim Eun-Kyung, Kang So-Ra, Yoo Ho-Jeong, Jin Hee-Kyung

Тайлбар: Na-Mi охин хөдөөгийн жижигхэн тосгоноос хотын ахлах сургуульд шилжин ирж, сургуульдаа нэр хүндтэй охидын бүлгэмд нэгдэн үй зайгүй найзууд болдог. Сургуулийн урлагийн наадамд оролцохын өмнө нэгэн харамсалтай үйл явдал тохиолдсоноор тэд өөр өөрсдийн замаар явах болно. "Sunny" бүлгийн охид эргэн нэгдэх болов уу? Асуултын хариултыг киногоо үзэн аваарай. 

17. THE PERKS OF BEING A WALLFLOWER (2012)

IMDb үнэлгээ: 8.0/10

Гол дүрд: Logan Lerman, Emma Watson

Тайлбар: Энэ жил ахлах сургуульд элсэн орж буй 15 настай Charlie бол бага насандаа авсан сэтгэлийн шархнаасаа болоод сэтгэл гутралд орж, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан нэгэн билээ. Тиймдээ ч түүний хувьд сургуульд сурч, найз нөхөдтэй болно гэдэг амаргүй даваа. Гэвч тэрээр дээд ангийн охин Sam болон түүний хойд ах Patrick нартай нөхөрлөснөөр хорвоо ертөнцтэй танилцах болно.

Үзэгчид болон кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан "The Perks of Being a Wallflower" (2012) кино нь өсвөр насныхны заавал үзэх киноны жагсаалтад багтдаг.

18. INSIDE OUT (2015)

IMDb үнэлгээ: 8.1/10

Гол дүрд: Amy Poehler, Phyllis Smith, Richard Kind, Lewis Black, Bill Hader

Тайлбар: Өсвөр насанд бусдыг байтугай өөрийгөө ч ойлгохгүй үе цөөнгүй тохиолдоно. Тэгвэл "Inside Out" (2015) анимэйшн танд энэ бүгдийг тайлбарлаж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Найруулагчаар нь ажилласан Pete Docter-ийн өсвөр насны охиных нь зан араншинд илт мэдэгдэхүйц олон өөрчлөлтүүд гарч эхэлсэн тул түүнд энэ талаар ямар нэгэн бүтээл гаргах хэрэгтэй юм байна гэсэн сэдэл төрсөн гэдэг. Хүний сэтгэл хөдлөлүүдийг маш энгийнээр тайлбарласан уг бүтээлийн үзэгчдэд өгөх гэсэн санаа, зохиол, хийсвэр ойлголтуудыг дүрсэлж буй байдал зэрэг нь кино шүүмжлэгчдээс маш гайхалтай магтаал сайшаалыг хүртсэн байна. 

19. YOUR NAME (2016)

IMDb үнэлгээ: 8.4/10

Гол дүрд: Ryunosuke Kamiki, Mone Kamishiraishi, Ryo Narita

Тайлбар: Орчин цагийн шилдэг аниматоруудын нэг болох Makoto Shinkai-н зохиолч, найруулагчаар нь ажилласан "Your Name" анимэйшн цогц өгүүлэмж, хөгжим, дүрслэл, сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авжээ. 

Ингээд ч зогсохгүй "Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого бүхий анимэ" жагсаалтын гуравдугаар байр, "Японы бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого бүхий кино бүтээл" жагсаалтын тавдугаар байранд бичигддэг сод бүтээл билээ. 

Үйл явдлын тухайд хөдөөний амьдралаас залхсан ахлах ангийн сурагч Mitsuha болон Токио хотод амьдардаг Taki нар нэг нэгнийхээ биед орсноор өрнөнө. 

20. WHIPLASH (2014)

IMDb үнэлгээ: 8.5/10

Гол дүрд: Miles Teller, J.K. Simmons, Paul Reiser

Тайлбар: 89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос тавын таван шагналыг хүртээд амжсан "La La Land" киноны зохиолч, найруулагч Damien Chazelle-ийн ажилласан бас нэгэн гайхалтай бүтээл бол "Whiplash" билээ. 

АНУ-ын Зүүн эргийн Хөгжмийн Консерваторид элсэн орсон Andrew бөмбөрчин болох мөрөөдөлтэй. Гэсэн хэдий ч дааж авсан багш нь бараг л байж боломгүй гэмээр хатуу арга барилаар түүнийг дасгалжуулах болно. Тэр энэ бүхний эцэст чадварлаг бөмбөрчин болж чадах болов уу, аль эсвэл? 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)