БАХАРХАХ ТҮҮХ, БАТАТГАХ ГАВЬЯАТАЙ ЭРХЭМ

Б.ЭНХТУУЛ

Эх оронд минь хавар иржээ. Ирж буй цагийн эрхээр хөх уулс цасан хөнжлөө “тайлж”, жалга судаг бараантан тодорно. Хотын гудамжинд шар ус урсаж, шавхай тунарах нь сонихон. “Хөдөө явахсан” гэх бодлыг эрхгүй төрүүлнэ. Хаврын урь орсон энэ өдрүүдэд Монголын хөдөөд нялх төлийн дуу цангинаж, малчны хотонд хонь хургалж, ямаа ишиглэж байгаа даа хэмээн бодох сайхан. Ийм л нэгэн хаврын өдөр, ирж яваа цагийн өнгө угтан их ажил ундарсан малчны амьдрал ярихаар Буянт Ухаа орчимд байдаг, Сүрэнгийн Түмэнхүү хэмээх эрхмийг зорин очив. Таньж мэдэх хүмүүс нь түүнийг “Түмэн сүргийн эзэн” гэж ярих нь мянгат малчин юм уу ч гэж бодох. Мал аж ахуйн салбарт мэдэх, чадах бүхнээ зориулж, одоо цагт бидний яриад олон төсөл хэрэгжүүлээд байгаа “Эрчимжсэн мал аж ахуй” хэмээх ажлыг тэртээх 1965 онд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж явсан энэ эрхмийн хийсэн, бүтээснээс үзэхүл аргагүй л өсгөж, үржүүлсэн мал сүргийнх нь тоо “Түмэн сүргийн эзэн хэмээн цоллохоос ч аргагүй ажээ. С.Түмэнхүү гуай өдгөө нас сүүдэр 75 хүрч явна. Хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 31 жил ажиллаад, 2006 онд  тэтгэвэртээ гарч, одоо Улаанбаатар хотод үр хүүхэд, ач зээ нарын хамт амьдарч байна. “Жаврын үзүүр уярч, сайхан хавар болж байна даа” гэсээр бидний яриа эхлэв.

ТАРИАЛАНГИЙН САНГИЙН АЖ АХУЙН АХ ДҮҮ ХОЁР

С.Түмэнхүү гуай 1946 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумд В.Сүрэн хэмээх айлын бага хүү болон мэндэлжээ. Тэрээр 1954-1961 онд Тариалан сумын дунд сургуульд суралцан долдугаар ангиа онцсайн дүнтэй төгсөөд оюутан болохоор шийдэж. Тэгээд 1961-1965 онд Хөдөө аж ахуйн яамны харъяа Архангай аймгийн “Хөдөө аж ахуйн техниккум”-д элсэн орж, дөнгөж 19 настайдаа зоотехникч болжээ. “Та яагаад тийм эрт техникумд сурахаар болоо вэ?” хэмээн асуувал “Миний аавыг В.Сүрэн, ээжийг С.Нанжид гэдэг байлаа. Манайх сумын төвийн айл. Аав минь Завхан аймгийнх. Ээж Тариалан сумын уугуул. Аав тооцооны ухаан сайтай, агент хийдэг, аж ахуйн ажилд сүрхий хүн байлаа. Харин ээж Тариалан сумын сургуульд тогооч хийдэг байв. Намайг долдугаар ангид байхад аав минь бурхан болсон. Амьд сэрүүндээ надад “Миний хүү техникумд орж суралц. Малын захтай, ажлын дөртэй бол” гэж зөвлөж байсан учраас амьдралын эрхээр, аавынхаа зөвлөснөөр долдугаар анги төгсөөд сургууль соёлын мөр хөөсөн” гэв.

С.Түмэнхүү гуай эхээс гурвуулаа. Хамгийн том ах С.Дондов нь аавыгаа дуурайсан гарын уртай, юмханаар юм хийдэг.  Тухайн үедээ сумын “Модны үйлдвэрт” мужаан хийдэг байв. Ахынх маань ам бүл 11, том бэр эгч Д.Сэндэнсүрэн “Оёдлын үйлдвэрт” оёдолчин, Удаах ах С.Өсөх нь малын эмч мэргэжилтэй. С.Өсөх ахын эхнэр Н.Пунсал эгч маань бас малын эмч мэргэжилтэй гэв.  Ах дүү хоёр хоёул Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техникум зэрэг шахуу төгссөн нь мал аж ахуйн салбарт гар нийлэн ажиллах, санаа оноогоо зөвлөлдөж, шинийг хийж туршихад ихээхэн тус дэм болжээ. Ингээд бид оюутан цагийн түүх хүүрнэлдэв.

СУРЛАГАТАЙ ХҮҮГИЙН БУДЛИАНТАЙ ТҮҮХ

Ахмад зоотехникч гуай багадаа сүрхий сурлага сайтай хүүхэд байж. Долдугаар анги төгсөөд техникумд орно гэхэд ангийн багш нь “Анги дэвшин суралц, аравдугаар ангид ор” гэж хэчнээн ятгасан ч багш нарынхаа үгэнд орсонгүй. Аавынхаа зөвлөснөөр ажил мэргэжлийн чигтэй болох гээд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Архангай аймгийн төв орж иржээ. Архангайн төвд давхиад иртэл УБДС-ийн салбар Багшийн сургууль, Анагаахын салбар Сувилагчийн сургууль, Хөдөө аж ахуйн техникум байсан учир хөдөөний бор хүүд мэргэжлийн сонголт хийхэд амаргүй санагдав. Тэгээд С.Өсөх ахтайгаа зөвлөлдөхөд Анагаахын сургуульд орохыг зөвлөжээ. Тэгэхээр нь өөрийгөө сорьж үзэх санаатай дээрх гурван сургуульд элсэлтийн шалгалт өгтөл гурвууланд нь тэнцчихэв. Тэгээд мөн л эргэлзэж суутал шинээр элссэн оюутнуудыг намрын ажилд дайчилж, хөдөө сангийн аж ахуй руу ажилд явах хуваарь гарсан байв. Унаанд суухаар иртэл гурван сургуулийн машин оюутнуудаа хүлээж байлаа. Хөдөө аж ахуйн техникумын унаа арай илүү тохь тухтай харагдахаар нь хаана очихыг нь асуутал “Архангайн Төвшрүүлэх сум явна” гэж байна. Тэр унаанд суугаад Төвшрүүлэх суманд намаржин ажиллаад ирж. Ирээд сургуульдаа ортол “Будлиантай Түмэнхүү” гэдэг шинэ нэртэй болжээ. “Энэ нэрийг хэн хаанаас өгчихөв” гээд гайхаж суутал гурван сургуульд шалгалт өгч тэнцчихээд, намрын ажилд хуваарилах болтол нөгөө хоёр сургууль нэрийг нь дуудаад байдаггүй. Намрын ажилд явсан оюутнуудын нэрсийг шүүж үзээд, Хөдөө аж ахуйн техникумд орсныг нь мэджээ. “Будлиантай Түмэнхүү” гэсэн шинэ нэр ингэж үүссэнийг мэдэв.

С.Өсөх ах нь 10 настайдаа сургуульд орсон учраас Хөдөө аж ахуйн техникум бараг зэрэг шахуу төгсчээ. Гэхдээ эрдэм номын мөр хөөхөөр гэрээсээ жилийн өмнө гарч аймгийн төвд ирсэн учир С.Түмэнхүүд зааж зөвлөх зүйл их, оюутны амьдралдаа дассан, амьдрах аргаа хэдийн олчихсон. Тэр битгий хэл найз бүсгүйтэй болоод амжжээ. Ингээд тэд айлын жижиг гэр түрээслэн сууж, хичээл номондоо шамдан махруу суудаг байв. Үүнийхээ үр дүнд ах дүү хоёр, бэртэйгээ хамт цалинтай оюутнууд болжээ. Цалингаараа өөрсдийгөө болгож, сумаасаа ээжийгээ дэргэдээ авчирсан байна. Ээж нь  аймгийн төвд ирсээр бас зүгээр суусангүй. Ажлын бээлий оёхоос эхлээд үр хүүхэддээ дэм болох бүхнийг хийж байв. Ээж нь “Хичээлдээ л сайн шамд, сайн сур” гэж их захидаг байсан учраас С.Түмэнхүү гуай одоо ч энэ үгийг үр хүүхдүүдээ захиж хэлсээр, таван хүүхдээ шаггүй сайн боловсролтой болгоод авчээ.

ШИНЭХЭН ЗООТЕХНИКЧ ТҮМЭН СҮРГИЙН ЭЗЭН БОЛГОВ

 ...Хүний амьдрал урт богиноороо бус утга агуулгаараа хэмжигддэг гэж үг бий. Тэрээр дөнгөж 19 настайдаа зоотехникч гэсэн мэргэжлийг эзэмшин 1965 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд зоотехникчээр томилогдон ирж, ажил амьдралын гараагаа эхэлжээ. Тус суманд 1969 он хүртэл дөрвөн жил ажиллахдаа Дархадын ууцан сүүлт хонийг чанаржуулах, тоо толгойг өсгөхөд ихээхэн анхаарч ажиллажээ. Тодруулбал, Дархадын гурван сум болох Улаан-Уул, Баянзүрх, Ренчинлхүмбэ сумдыг хамруулсан сум дундын “Үржлийн хэсэг”-ийг байгуулалцаж, Дархадын ууцан сүүлт хонины зохиомол хээлтүүлгийг гардан хийж, хонин сүргээс авах ноос, нэхий, мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх ажилд амжилт олж, шилмэл омгийн сууриудыг бий болгож байжээ. Тэндээсээ 1969 онд Хөвсгөл аймгийн Тариалангийн сум сангийн аж ахуйд шилжин суурьшиж, 1990 он хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй зоотехникч, тууврын малын эмчээр ажиллаж байв. Энэ тухай ярихдаа тэрээр “Тухайн үед шинэ, залуу ч байлаа. Шинийг санаачилж хийхсэн гэж их хичээж, зүтгэдэг байв. Сум орон нутгийн удирдлагууд чанга, хийх ажлаа ойлгуулах гэж бас их хичээдэгсэн. Азаар манай сум САА-н дарга малын их эмч хүн байсан. Тэр хүн миний ажлыг их сайн ойлгож, зөв хүлээж авдаг байлаа. Надад итгэдэг байсан уу эсвэл намайг юм сураг гэж бодсон уу, их ч ажилд дайчилдаг байлаа. Би ч явсан, хийснээсээ их зүйл сурдаг байв.  Би 19 настай ажлын талбарт гарч, улсын болон хувийн байгууллагад 31 жил зоотехникчээр ажилласан. Энэ үедээ бог, бод малыг хөрвийн аргаар бойжуулах ажлыг анх санаачлан хэрэгжүүлж явлаа. Улсын мах бэлтгэл, дотоодын хэрэгцээнд зориулсан хонин суурийг бий болгож, улсын төлөвлөгөөт нормыг 20 хувиар жил бүр давуулан биелүүлж байлаа. Мөн хонины зохиомол хээлтүүлгийг гардан хийж, 100 эхээс авах төлийг нэмэгдүүлж, бог малыг үржүүлэх, чанарыг сайжруулах ажлуудыг хийж байв.  Мал төллүүлэх баазад нэг удаадаа 3-4 мянган бог малыг төллүүлж, хөрвийн аргаар бойжуулсан төлийг суурьт нь эргүүлэн төлийн гарзгүйгээр хүлээлгэн өгдөг арга, туршлагыг хэрэгжүүлж ажиллаж байлаа” хэмээн ажлын түүхээсээ хуваалцав.

 ШИНЭ САНААЧЛАГА, ШИЛДЭГ АЖЛААР АЙМАГТАА ШАЛГАРЧ БАЙЖЭЭ

 Мал аж ахуйн салбарт мэргэшсэн хүнтэй уулзсаных сум орон нутгийн удирдлагууд, малчдад бас хэрэг болох санаа асуун өнөө цагт хамгийн их яригдаж буй эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд бод, бог малын маллагаа, арчилгаа хэр их ялгаатай байдаг талаар, мөн төл малыг хөрвийн аргаар бойжуулах талаар асууж тодрууллаа. 

-Эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэхдээ бид анх хэрэгцээний мал бэлтгэх зорилгоор хэдэн бог мал өсгөж, үржүүлэхэд анхаарч ажиллаж байлаа. Ингэхдээ уламжлалт мал маллагааны арга барил дээрээ суурилан хониндоо тусгай малчин томилон ажиллуулж, малынхаа уух идэх өвс, ус хужирыг нь бэлдээд, тусгай хашаанд (хөцөө) маллаж, бэлчээрлүүлэн тэжээдэг байлаа. Отроор бас явна. Тэгээд өвөл, хаврыг эрсдэл багатай давж, өсгөж үржүүлсэн малаа намар нь хүнсэнд нийлүүлдэг байв. Тухайн үед Хөвсгөл аймагт Эгүүрийн сангийн аж ахуй гэж байсан. Тэр үед  бид энэ аргаа  үхэр сүрэгт туршин хэрэгжүүлж, эм тарианы хэрэглээ бага эко аргаар, зөвхөн мал маллагаа, тэжээл бордоогоор нь тордон мах сүүний чиглэлээр үхэр сүргээ үржүүлж, амжилттай ажиллаж байлаа.  Энэ ажлаасаа урамшиж, Булган аймгийн “Ингэттолгой” сангийн аж ахуйгаас гадны үүлдрийн халзан бух авчран үхэр сүргийнхээ үржил селекцид биотехнологийн дэвшилтэт технологийг анх удаа нэвтрүүлж, зохиомол хээлтүүлэг хийж, үүнийхээ үр дүнд 30 мянган үхэр сүрэгтэй болж байлаа. Бог, бод хоёр арчилж тордох, өсгөж үржүүлэхэд хоёулаа адилхан ажиллагаа ихтэй. Гэхдээ зохиомол хээлтүүлэг хийхэд бод малын хээлтүүлэг их удаан явцтай, хээл хаях, төлөвлөгөөт ажил бүтэлгүйтэх нь олонтаа. Харин бог мал төллөж л байдаг, үр шимээ өгч л байдаг. Хөрвийн аргаар бойжуулах арга туршлагыг манай хашир малчид сайн мэднэ дээ. Төл малыг хөрвийн аргаар бойжуулах нь тухайн үедээ  хамгийн шилдэг арга байсан бөгөөд эхийг нь онд мэнд оруулах, тарга тэвээрийг нь хадгалах, тугалыг нь  өвс, усаар тэжээж, эрт нэмэгдэл тэжээлд оруулахаар эрт хөрвөжиж, бие даана гээд олон чухал ач холбогдолтой” гэв. С.Түмэнхүү гуайн хэрэгжүүлсэн энэ арга туршлага нь тухайн үедээ аймагтаа үр дүнгээ өгч, шинэ санаачлага, шилдэг ажлаар шалгарч байснаа дурсав.

ОДОНГҮЙ ГАВЬЯАТ

Тэрээр зоотехникчээр ажиллах хугацаандаа Буриад улсын “Закаменск” аймгийн тэргүүн туршлагыг Тариалангийн САА-д хэрэгжүүлэн олон ажлыг удирдан зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлжээ. 70-80-аад онд хөдөөгийн суманд зохиомол хээлтүүлэг хийж, эрчимжсэн мал аж ахуйг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсан гэхээр түүний яриа бүр ч сонирхол татах аж. Зарим ажлаас нь сонирхвол, С.Түмэнхүү гуай нутгийн үхрийн үүлдэр угсаа, мах сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 1987 онд Сэлэнгэ аймгийн Ингэт толгойн САА-гаас мах, сүүний чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн 50 гаруй бухыг өөрийн биеэр сонгон нутагтаа авчирч, тусгай суурь болгон маллаж, энэ хээлтүүлэгчийн сууриас жил бүр эрүүл ахуйн шаардлага хангасан “Сэлэнгэ” үүлдрийн бухны үрийг авч бэлтгэн “Артархи”, “Таван толгой” болон “Баянхошуу цогцолбор”-уудын үхрийн суурьт зохиомол хээлтүүлэг хийх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлж байжээ. Түүний үржүүлсэн, өсгөж арвижуулсан мал аж ахуй таван толгой малаар ч хязгаарлагдсангүй, бүр  тахиа шувуу, гахай хүртэл өсгөн үржүүлж, САА-даа суурь сүрэгийг бий болгож, нутгийн айлууд гаднаа гахай, тахианы аж ахуй эрхэлдэг болсон байна. С.Түмэнхүү гуай сум бүрт л өөрийнхөө ажлын туршлагыг түгээн дэлгэрүүлж, бусдад дэмтэй ажлыг хийж явжээ.

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улаан ямааны суурь байгуулж, Тариалан сумандаа нутгийн ямааг Төмөрбулаг сумын “Эрчмийн хар” ямаагаар сайжруулсаны үр дүнд нутгийн ямаанаас гарах ноолуурын гарц нэмэгдэж, чанар нь сайжирч байв. Сангийн аж ахуйн адуун сүргийн бүтэц, чанарыг сайжруулах зорилгоор өөр дотор нь үржүүлэг хийж,  “Баянхошуу” багийн Бөөрөлжийн адуунаас чанар сайтай азарган үрээнүүдийг бусад бригадад шилжүүлэн, сэлгээ үржилд оруулж, сууриудын сүргийн бүтцийг сайжруулах ажлыг зохион байгуулж байв. Үүний үр дүнд нь өнөөдөр мах, сүүний гарц арвин, нутгийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон улаан халзан үхэр, адуун сүрэг нутгийн айл бүрийн хотонд бий болжээ. Тэрээр “Энэ бүх ажилд С.Өсөх ахын минь ажлын туршлага, зөвлөгөө тус дэм бас их хэрэг болж байлаа. Малын эмч бол малыг эрүүлжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Харин зоотехник ч бол малыг өсгөж үржүүлэх, малын үржил шим, өвөлжөө бууцанд анхаарах, хадлан тэжээл бэлтгэх гээд өөр өөрийн ажил үүргийн хуваарьтай ч ахтайгаа гар нийлж, мал аж ахуйн салбарт олон жил жаргал, зовлонгоо хуваалцан үр бүтээлтэй ажиллажээ гэв.

-Та олон чамбай ажил хийж хэрэгжүүлжээ. Одон медаль гавьяа шагнал юу авч байв даа гэвэл “Хийсэн ажлыг минь үнэлж, тухайн үед ховор олдоцтой цайны халуун сав, 75-ын гутал зэргээр шагнаж урамшуулдаг байлаа. Түүнийгээ аваад бөөн баяр болдог байв. Хүн гэгч ер нь алдар нэр, магтаал сайшаалд хөөрөгдүүлэн нисэхээс илүү хийсэн ажлынхаа үр дүнгээс урамшиж явдаг юм уу гэж боддог юм. Миний хувьд, нэгэн насны амьдрал, хийсэн бүтээснээрээ түмэн олондоо дэмтэй тустай явлаа гэж бодож байснаас биш одон медаль, гавьяа  шагнал хөөцөлдөж явсангүй дээ. Оноод олоод ирвэл тэр биз гэж харсаар өнөөдөр энгэр цулгуй л сууж байдаг хүн” хэмээн инээх нь аргагүй л ариун цагаан хөдөлмөрөөрөө өөрийгөө гоёсон эрхэм юм.

С.Түмэнхүү гуай 1990 онд Тариалангийн сангийн аж ахуй хувьчлагдан “Алтандуулга” компани  болж өөрчлөгдөхөд тус компанид мал аж ахуйн мэргэжилтэн, боловсон хүчин, адуучнаар ажиллаж байгаад 1997 оноос хувийн мал аж ахуй эрхэлжээ. Энэ тухай хүүхдүүд нь ярихдаа “Манайх 1997 онд  хэрэгцээний хэдэн малтай болоод хувийн мал аж ахуй эрхэлж байсан. Тэр л үед аавынхаа эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлийнх нь үр дүнг хараад ааваараа их бахархаж байлаа. Манайх цөөхөн хэдэн малтай хэрнээ нэг халзан үнээнээс 8-10 литр сүү, уутан дэлэнт ямаанаас ноолуур, сүүний гарц арвин авдаг байлаа. Аав минь таван хошуу малынхаа хажуугаар гахай, тахиа хүртэл тэжээж үржүүлж байсан. Мөн сум орон нутагтаа бас гахай тахиа өсгөж үржүүлэх ажилд томилогдоод, сангийн аж ахуйгаа бас гахай тахианы сүрэгтэй болгож байсан” хэмээн хүүхдүүд нь бидний яриаг хөөрхөн дурсамжаар чимэв.

МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА

 Сүүлийн үед манайхан “Эрчимж сэн мал аж ахуйг хөгжүүлэх” тухай их ярьдаг болсон. Тиймээс С.Түмэнхүү гуайн ярьж хэлэх үгс, хийж хэрэгжүүлсэн ажлууд өнөө цагт бидэнд газрын баялагаас илүү “алт” болохоор санагдав. Тийм ч учраас төр засгийн зүгээс юунд чухалчлан анхаарах вэ гэвэл “Төрийн бодлогод мал аж ахуйг өсгөж үржүүлэх хөгжүүлэхэд цогц бодлого дутагдаад байгаа юм. Дээрээс нь малчин бэлтгэх, мэргэшүүлсэн сургалтад хамруулаад малчин мэргэжилтэй болгоно гээд яриад байгаа. Үүнийг  ажил хэрэг болгох хэрэгтэй. Мөн бэлчээр, худаг усны хомсдолтой энэ үед малын тоо толгойгоо хязгаарлаад, аль болох цөөн тооны чанартай, үржил шимээ өгөх малтай болох чухал. Хуучин нэгдэл гэж байхад  мал аж ахуйн салбарт ихээхэн дэвшил гарч байлаа. Илгээлтийн эзэн гээд олон аргаар хүмүүс хамтын хүчээр мал аж ахуйгаа хөгжүүлээд явдаг байсан. Нэгдэл байх үед  хөдөө орон нутагт ажилгүй хүн гэж байсангүй. Харин одоо сум орон нутагт өөрийн гэсэн суурь мал алга. Тийм болохоор хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн шинэ залуу хүүхдүүдэд  ажлын байр алга байна. 1960-1970-аад оны үед ХААИС-д орох хүсэлтэй хүүхэд олон байлаа. Харин өнөөгийн хүүхдүүд хот суурин газар бараадаж, мал маллах хүсэлгүй болсонд сэтгэл зовинож явдаг гэв.

ӨНӨР БҮЛИЙН ЭЗЭН

Нийтлэлийн минь зочин ажлаа их яриад, амьдралаа багахан хүүрнэх янзтай. С.Түмэнхүү гуайн хувийн амьдралыг сонирхвол, тэрээр 1967 онд эхнэр Б.Бурмаатайгаа танилцаж, айл болжээ. Түүний гэргий Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүн. Эхнэр нь сангийн аж ахуйн улаан дэлгүүрийн худалдагч. Олны дунд “Хөөрхөн Бурмаа” гэж нэрлэгдсэн, ааш зан сайтай бүсгүй байв. Хань ижлээ дурсахдаа тэрээр “Манайх гурван охин, хоёр хүүтэй айл. Миний хань мөн л манай ижий, аав шиг намайг, энэ хэдэн хүүхдүүдээ гэсээр яваад элэгдсэн дээ. Дурсах бүрийд л ажилсаг, ариун чанараараа сэтгэлд буудаг юм.  Ядарсан зовсон хүнд үнэн сэтгэлээсээ тусалдаг, хүнийг хайрлах сэтгэлээр нэвт гийсэн хүн байлаа. Үр хүүхдүүдээ өсөж том болоод, боловсрол мэдлэгтэй, бүтэн заяатай, сайхан айл болоод явахыг харахдаа хань ижлээ дэргэд байсан бол гээд үргэлж бодож явдаг юм хэмээн дурсав.

Мөн “Манай таван хүүхдээс мал аж ахуйн салбарт мэргэжил эзэмшсэн хүн байхгүй ч хөдөө аж ахуйн салбарт ажиллаж яваа хүн бий. Том охин багш, дунд охин байгаль судлаач, бага охин ургамал судлаач ХАА-н ухааны докторын зэрэг хамгаалсан, ургамал зүйч-агрономч мэргэжилтэй. Нэг хүү маань Хөдөө аж ахуйн их сургуульд зоотехникчээр суралцаж байсан ч зах зээлийн үед сургуулиа төгсөж чадаагүй. Гэсэн ч энэ мэргэжлээрээ хөдөө 3-5 жил туслах мэргэжилтнээр ажиллаж байсан одоо жолооч, нөгөө хүү маань авто-механик мэргэжилтэй. Хүүхдүүд маань бүгд л өөр өөрийн эзэмшсэн ажил мэргэжлийнхээ дагуу сайхан ажиллаж амьдарч байгаа. Миний ээж аав “Сайн сур, оногдсон ажлаа хариуцлагатай сайн хий” гэж биднийг багад их хэлж захидаг байлаа. Энэ л захиасыг үр хүүхдүүддээ хэлж суудаг гэв.  Өдгөө ахмад зоотехникч  маань өнөр айлын эзэн болжээ. Таван хүүхэд нь өсөж үржээд, С.Түмэнхүү гуай өдгөө дөрөв дэхь үеэ үзсэн буурай болжээ. Тэрээр найман зээ, дөрвөн ачтай өнөр бүлийн эзэн аж.  Түүний Дондов, Өсөх ахынх мөн өнөр олуулаа. Үр хүүхдүүд нь одоо ч мал аж ахуйдаа ойр, сум орон нутагтаа малаа маллаад, малчин ахуйгаа түшээд тэгш сайхан амьдарч байгаа гэв. Тиймээс С.Түмэнхүү гуай зун бүр л нутаг руугаа явж, хоёр ахынхаа хүүхдүүдтэй уулзах нь түүний хувьд бөөн баяр байдаг ажээ.  Дээрээс нь энэ жил  Хөвсгөл аймгийн Тариалан сум үүсч байгуулагдсны 90 жилийн ой тохиож байгаа учир цаг наашлаасай, цар тахал хурдан намжаасай хэмээн залбирч сууна. Энэ тухай  хэлэхдээ тэрээр “Нутаг явна даа энэ зун. Ойдоо оролцоно, охидууд минь хүргэж өгнө. Жаврын үзүүр уярч байна. Хоймор сайхан нутагт минь хур бороо элбэгтэй, дэлгэр сайхан зун болоосой гээд  хүлээж сууна даа, өвгөн ах нь....гэсээр бидний малчны хотон дахь хөх бууцны үнэр ханхийлгэсэн яриа өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.22 ДАВАА № 54, 55 (6531, 6532)

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.238.250.105)
Зочин Хөдөө санагдаж байна. Сайхан нийтлэл байна. Баярлалаа.
2021-03-22 Хариулах