Исландад галт уул дэлбэрчээ

 

Исландын нийслэл Рейкьявик хотын баруун өмнөд хэсэгт оршдог “Фаградалсфьял” галт уул дэлбэрлээ гэж тус улсын Цаг уурын газар мэдээлэв.

Рейкьянес хойгт болсон дэлбэрэлт орон нутгийн цагаар баасан гаргийн 20:45 цагт эхэлсэн бөгөөд ууланд 500-700 метрийн хагарал үүсжээ. Тус хойгт 800 жилийн хугацаанд анх удаа галт уул дэлбэрч буй нь энэ ажээ.

Цаг уурын газрын мэдээлснээр, Исландад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 40 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

2010 онд Исландад оршдог өөр нэгэн галт уул болох “Эйяфьятлайокуль” дэлбэрсний улмаас Европ даяар агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсооход хүрч байсан юм.

Харин “Фаградалсфьял” уулын дэлбэрэлтээс их хэмжээний үнс, утаа ялгарах төлөвгүй байгаа тул нисэхийн салбарт саатал учруулах магадлал бага байна.

Исландын Иргэний хамгаалалт, онцгой байдлын газар галт уулын хийн нөлөөнөөс сэргийлэхийн тулд цонхоо хааж, гэртээ байхыг галт уулын ойролцоо амьдардаг хүмүүст зөвлөснийг “CNN” суваг уламжилжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.205.2.207)