Хичээл бэлдэх ШАЛГАРСАН аргууд

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гэртээ хичээлээ давтахад гэрийн ажил хийх, дүүгээ харахаас эхлээд олон зүйлс анхаарал сарниулж, эрч хүч бууруулж байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч ингэлээ гээд хичээлээ давтахгүй байж болохгүй шүү дээ. 

www.news24.mn сайтын хамт олон энэхүү нийтлэлээрээ уншигч оюутан, сурагч та бүхэндээ зориулан хичээлээ үр дүнтэй давтахад шалгарсан дөрвөн аргыг танилцуулж байна. 

1.  ХИЧЭЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХӨТЛӨХ

Хичээлийн тэмдэглэлийг үр дүнтэй хөтлөх нь шинэ сэдвийг хүлээн авах, давтахад нэн чухал нөлөөтэйг та бүхэн мэднэ. Цэгцтэй тэмдэглэсэн тэмдэглэлийг сүүлд нь харахад өмнө нь үзсэн мэдлэг маш амархан сэргэдэг бол "муухан" тэмдэглэсэн тэмдэглэл аливаа сэдвийг сануулах нь байтугай бүр эргэлзүүлж орхидог. Тэгвэл тэмдэглэлийг хэрхэн зөв хөтлөх вэ? 

Багшийн хэлсэн үг бүрийг, номон дээр бичигдсэн үг бүрийг дэвтэртээ хуулан бичих нь хичээлийн тэмдэглэлийг буруу хөтөлж байгаагийн илрэл. Үүний оронд тухайн сэдвийг өөрийн ойлгосноор тэмдэглэх нь зөв юм. Ингээд та бүхэнд Корнеллийн техникийг санал болгоё. 

Зурагт үзүүлсний дагуу дэвтрээ гурван хэсэг болон хуваагаарай. Зүүн талын хэсэгт түлхүүр үг, гол ойлголт зэрэг шалгалтын үеэр эргэн санахад "гох" болохуйц зүйлсийг тэмдэглэнэ. Харин баруун талд нь хичээлийн үндсэн тэмдэглэлийг бичнэ. Ингээд доод талын дүгнэлт хэсэгт энэхүү сэдвийн хүрээнд юу үзсэнээ товч дүгнэн бичээрэй. 

2. ПОМОДОРО ТЕХНИК

Оюутан сурагчдын хувьд олон цагаар сууж хичээлээ бэлдэх шаардлага цөөнгүй тохиолддог. Гэвч ийн урт хугацаанд хичээлээ хийхэд сатаарч өөр зүйл хийсэн хугацаа нь хичээлээ хийж суусан хугацаанаас их болчихдог. Хэчнээн хичээлээ хийе гэж хүссэн ч шүү дээ. 

Тиймээс бидний зүгээс та бүхэндээ хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, үр дүнтэй хийхэд тань туслах Помодоро техникийг санал болгодог билээ. Помопоро техникийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

3. ФЭЙНМАНЫ ТЕХНИК

Суут физикч Ричард Фэйнман Принстоны их сургуульд суралцаж байх үедээ энэхүү техникийг боловсруулж байжээ. Тухайн үед тэрээр хамт суралцаж буй математикчдад физикийн онолуудыг ямар ч хэцүү нэр томьёо ашиглалгүйгээр хамгийн хялбар аргаар зааж тайлбарласан аж. Үүний үр дүнд тэрээр тухайн онолуудаас өөрийн сайн ойлгоогүй хэсгүүдийг тодорхойлж, тэдгээрийг улам нягталж судалсан гэдэг. Ингээд түүний боловсруулсан техникийн дагуу хичээллэхийн тулд дараах зааварчилгааг дагаарай. 

1. Сэдвийг тодорхойлох - Давтахыг хүссэн сэдвийнхээ тухай бүхий л ойлголтуудыг цаасан дээр нэгтгэн бичээрэй. 

2. Сэдвийг бусдад заах - Заахдаа сонсож буй хүнд ойлгомжтой байлгахын тулд хүнд, хэцүү үг хэллэгүүд ашиглахаас зайлсхийгээрэй. Тухайн хүн энэхүү сэдвийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, мэргэшсэн нэгэн байсан ч суурь мэдлэггүй гэж тооцоолон аль болох энгийн үгээр заах нь чухал юм шүү.

3. Өөрийн мэдлэгийн цар хүрээг тодорхойлох - Зааж дууссаныхаа дараа тайлбарлахад хэцүү, өөрт эргэлзээ төрүүлсэн хэсгүүдийг тодруулж, тэдгээр хэсгүүдийг сайтар давтах. 

4. Эхний гурван алхмыг давтах - Сайжруулан бэлдсэн мэдлэгээ өөр нэгэнд маш хялбар, ойлгомжтой байдлаар зааж чадсан бол та тухайн сэдвийг бүрэн эзэмшсэн гэж өөрийгөө дүгнэж болох нь. 

Ричардын хэлснээр хүмүүс бид өөрсдөө бүрэн ойлгоогүй сэдвийг л хүнд, хэцүү үг хэллэгээр тайлбарладаг аж. Тиймээс ямарваа нэг ойлголт, сэдвийг ойлгосон эсэхээ шалгахыг хүсвэл бусдад зааж өгөх нь хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга юм. 

4. КАРТ АШИГЛАХ

Хүлээн авсан мэдлэгээ бататгахын тулд ном болон хичээлийн тэмдэглэлийг олон дахин унших нь үр дүнтэй мэт санагддаг. Гэхдээ энэ нь сурсан мэдлэгийг сэргээн санахад тийм ч үр дүнтэй биш. Хичээлээ давтахад та тухайн сэдвийн ойлголтуудыг өөрийн оюун ухаанаар боловсруулж, ойлгож чадаж байгаа эсэхээ анзаарах ёстой. Үүнд хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол флаш картын арга билээ. 

Флаш карт гэдэг нь жижиг хэмжээний дөрвөлжин цаасан картыг хэлнэ. Үүнийг хэрэглэхдээ нэг талд нь сэдвийнхээ тухай асуулт, нөгөө талд нь хариултыг бичнэ. Асуултад хариулж чадсан бол нэг тал руу ялгаж, чадаагүй бол нөгөө тал руу ялгаж тавиарай. Ингээд хариулж чадаагүй картуудаа дахин давтах маягаар мэдлэгээ бататгаарай. 

Энэхүү арга мэдлэгээ бататгахад ихээхэн үр дүнтэйг баталсан судалгааны ажлууд олон бий. Мөн Anki, Quizlet зэрэг гар утасны утасны аппликэйшнүүдийг ашиглан энэ аргаар бэлдэж болох юм. 

Хичээлээ үр дүнтэй давтаж бэлдэхэд тань туслах дөрвөн аргыг та бүхэндээ хүргэлээ. Амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)