Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал тусгасан ч харамсалтай нь зургаан сарын дараа огцорлоо. Дараагийн удаа алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллаарай” гээд, Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзан, салбарын асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан, “Та Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амын тал хувийг захирч байсан туршлагатай хүн. Шадар сайдын хариуцах асар олон асуудал бий. Цар тахлын асуудлаар ажрахгүй ажиллана гэж бодож байна. Нөхцөл байдлыг улс төржүүлэхгүй, зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаарай. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болоход хамтарч ажиллая. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ядуу байгаа нь харамсмаар” гэлээ.

Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид энэ албанд томилогдсонд баяр хүргээд, “ Таныг Хууль зүйн сайд байхад хоёулаа нэг кабинетэд байсан. Улстөржихгүй ажлаа явуулъя. Энд сууж байгаа манай зөвлөхүүд тантай хамтарч ажиллаж байсан. Та бид хоёр олон зүйл дээр санал нэгдэж, бас зөрдөг. Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай. Бид намчирхмааргүй байна. Ядуурал гаарч, дундаж давхарга байхгүй болж буйг та мэднэ. Таны нас, туршлагыг энэ Засгийн газрын хамгийн том түшиц гэж болно” гээд ажлын амжилт хүсэв.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандан, “Та намын ажил хийж байсан ч улс төрд шинэ хүн боллоо. Монгол оронд усны асуудал тулгамдаж байгаа. Нөгөө талдаа БОАЖЯ-наас зөвшөөрөл олгосон газрыг дамлан худалдах, залилан мэхлэх замаар мөнгө угаасан, оффшор бүсээс орж ирсэн мөнгө байгаль орчинтой холбогддог зэрэг асуудал бий. Говь нутаг усгүй болж, малгүй эзэнгүй боллоо. Говьд 1,000 орчим км усжуулах хоолой татна. Мөн 10 аймагт усан цахилгаан станц барих ажил эхэлсэн. Говийг эзэнтэй, амьдралтай болгохоор байгалийн баялгийг ашиглах төмөр зам барьж байна. Үүнийг говьд худаг гаргаад эхэлсэн. Манай байгаль орчин сүйдсэнийг Та ойлгож байгаа байх. Салбартайгаа танилцахад хамтарч ажиллахад бэлэн” гэлээ.

Түүнчлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч уулзахдаа, “Та хоёр дахь удаагаа Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо. Өнөөдөр батлагдсан Зэвсэгт хүчний тухай хууль маш чухлыг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. БХ-ын сайд нь Сангийн сайдын өрөөний үүдэнд төсвөө батлуулах гээд сууж болохгүй. Батлан хамгаалахын салбар бол маш өөр. БХЯ-аа ямар нэгэн аргаар босгох хэрэгтэй. Стратегийн бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ойлгож байгаа тул хамтран ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцож буй ажлыг 10, 20 дахин босгож байж Монгол орон өсөж томорно. Залуу үеэ цэрэг, эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх ёстой гэдэгт санал нэгдэнэ. Батлан хамгаалахын салбар бол улс төржиж болохгүй” гээд ажлын амжилт хүслээ.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан, “Хууль зүйн сайд яагаад улстөржиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгэнэ вэ? Үүнийгээ тайлбарлах ёстой. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яагаад Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм? Хууль зүйн сайд ийм зүйл ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш МАН-ын Хууль зүйн сайд биш. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой юм. Эхний алхмаа улс төржиж эхэлвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан уулзалтуудын үр дүн хаана байна вэ?  Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж байна лээ. Ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй. Энэ асуудлыг Монгол орон даяар, мөн гадаадад харж байгаа.

Хууль зүйн салбарт тулгамдсан, нухацтай олон асуудал бий. Чамайг сайдаар томилогдсоны дараа хоёулаа уулзаад Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Энэ ажил хаана явна вэ? Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй” хэмээсэн юм.

Үүний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг хүлээн авч уулзан, “Тантай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан учраас ойлголцдог. Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого. Мөн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудал байгаа.

Энэ жил ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. Үүнд онцгой анхаараарай. ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-руу татах хийн хоолойн асуудал нэн тэргүүнд тавигдана. Эдгээр асуудлын хүрээнд ажилласан туршлагатай, ажилтайгаа танилцах шаардлагагүй шуурхайлан орох байх гэж бодож байна.

Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгааг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. ГХЯ, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. ГХЯ, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхланд хандан, “Та Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр Тантай ойлголцоно гэж бодож байна.

 

БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасан нь бидэнд амьсгаа авах боломж өгсөн. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй байсныг Та мэдэж байгаа юу? Уржигдар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад “дахин гурван жилээр сунгах боломжтой юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Энэ нь 1.7 орчим тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гарч ирж байгаа юм. Монгол Улс мөнгөгүй гэх зэргээр ярьдаг. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунгах боломжтой 1.7 тэрбум ам.доллар байна.

Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангахад Ерөнхий сайд анхаарч, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлээрэй. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү. Мөн оффшор бүсээс орж ирж байгаа, оффшор бүсээс орж ирээд угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн мөнгөний асуудлаар мөн, өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөлд хамтарч ажиллана гэж ойлгож байна” гэж хэлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хандан, “Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар дахин томилогдлоо. ХНХ-ын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье, битгий их улстөржөөрэй. Ерөнхийлөгчийн хаалга нээлттэй шүү. Асууж ярих зүйл байвал дуртай цагтаа орж ирээд ярьж байгаарай” хэмээлээ.

Тэрбээр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хандан хэлэхдээ, “Та өөрийн мэддэг салбарт дахин ажиллахаар боллоо. Саяхан газар хөдлөлт ойр, ойрхон боллоо. Хэрвээ Улаанбаатар 6 баллын хүчтэй газар хөдөлвөл эрсдэл маш өндөр гэдгийг Та мэднэ. Энийгээ яагаад Ерөнхий сайд, Шадар сайддаа хэлдэггүй юм? Чив чимээгүй өнгөрлөө. Үүнийг анхаараарай.

Нэн тэргүүний асуудал бол дагуул хотын төсөл. Та энэ ажилд анхаарал хандуулж, сайд болсныхоо дараа хурал хийснийг хараад олзуурхаж байлаа. Майдар бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулах төсөл. Үүн дээр онцгой анхаарч ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайдад бас захья. Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ярьж болно. Мэргэжлийн сайд учраас барилгынхаа мэдээллийг Ерөнхий сайддаа танилцуулаарай.

 

Хот байгуулалтын тухайд Улаанбаатарт газар олголт замбараагүй явсан учраас хотыг тэлэх боломжгүй болсон. Иймд дагуул хотууд байгуулж, гэр хорооллыг дахин төлөвлөхөд онцгой анхаармаар байна. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утаа шийдэгдэхгүй” гэлээ.

Мөн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг хүлээн авч уулзахдаа, “Боловсролын салбар хамгийн хоцрогдсон. Үүнд онцгой анхаараарай. Боловсролын салбар гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу? Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдлоо. Манайд өнөөдөр шинжлэх ухаанаар шийдэж байгаа ганц ч асуудал байхгүй. Үүнд онцгой анхаараарай. 21 аймгийн 330 суманд боловсрол хэрэгтэй байна. Энэ салбарт ахиц гараагүйг өөрөө мэдэж байгаа. Би хамтарч ажиллахад бэлэн. Боловсролын асуудлаар Ерөнхийлөгчийн хаалга, институц, манай зөвлөхүүд бүгд нээлттэй.

Шинжлэх ухааны салбар дэлхийгээс маш хоцорч байна. Залуу эрдэмтдээ бодлогоор гаргаж чадахаа больсон. Залуу эрдэмтэд, боловсролтой хүмүүс бүгд гадаадад, гадаадын компаниудад ажиллаж байна. Тэднийг татаж оруулж ирэхэд хамтарч ажиллая.

Боловсролын салбарт багш нарын цалингийн асуудал бий. Цар тахлын үед бүгд цахимаар хуралддаг болсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдийг арван жилээр хоцрооно. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ? Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал бий” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хоёр дахь удаагаа сайдаар томилогдсонд баяр хүргээд, “Та бол энэ салбарын хүн. Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын асуудлуудаа Ерөнхий сайддаа сайн ойлгуулаарай.

Маш том газар нутагтай, цөөн хүнтэй, далайд гарцгүй оронд дэд бүтэц байж л хөгжинө. Үүнийг улстөрчдөд ойлгуулах гэж их ажил болдог. 10 жил гацаасан төслийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө гардаад, Ерөнхий сайддаа зөв ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь бүтээж хэрэгжүүлсэн. Төмөр замын ажлаа шуурхайл. Тантай хамтарч ажиллахад урамтай байх болов уу гэж бодож байна. Хамгийн хоцрогдсон нэг салбар нь агаарын тээвэр. Шинэ нисэх буудал барьчихаад ашиглаж чадахгүй байна. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү” гэсэн юм.

Соёлын сайд Ч.Номинд хандан, “1983 онд төрсөн залуучуудын төлөөлөл Засгийн газарт орж ирж байгаад баяртай байна. Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал. Соёлын салбараа ойлгож, асуудал руу зөв талаас нь орох болов уу гэж сайдаар залуу хүн сонгосон байх.

Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш. Улсын төсөвтэй холбогдуулаад аймгуудад Соёлын ордон барих асуудал яригдсан. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүйд анхаараарай.

Асууж зөвлөх зүйл байвал Ерөнхийлөгчийн институц, зөвлөхүүд нээлттэй. Би зураач хүний хувьд энэ салбарын төлөөлөл учир ярих хэлэх зүйл зөндөө бий. Жишээ нь, өв соёл, монгол бичиг. Арга ядаад би өөрөө монгол бичиг зааж эхэлж байна. Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласныг үргэлжлүүлээрэй” гэж хэлсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хандан, “Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч хоёр дахиа томилогдлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн хүн, маш их мэдлэг, чадвартай гэж магтсаныг ажлаараа үзүүлмээр байна.

Танай салбартай холбоотой эдийн засгийг сэргээх ажлууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олон удаа яригдсан. Энэ ажлуудаа явуулмаар байна. Унасан эдийн засгийг сэргээхэд танай салбар том үүрэгтэй. Би бизнесийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг мэднэ. Эдийн засгийг босгох гол салбар бол танай салбар.

Бид өнөөдөр зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортлоод, улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бүгдийг нь боловсруулах ёстой. Төмөр замыг дагаад Сайншандын ойролцоо боловсруулах үйлдвэр барина. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийчихсэн, хариуцах эзэнтэй. Асгатын мөнгөний ордод 46 км дор баяжуулах үйлдвэр барьсан. Энэ үйлдвэрийг Монгол Улс бариагүй. Яагаад монголчууд коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьчихсан, экспортлоод зараад байдаг юм бэ? Манай Монгол Улсын бодлого хаана явна вэ? Энэ асуудлаар хамтарч ажиллая.

Одоо улстөржихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа боломж дээр Засгийн газар яаж хамтрах вэ, гурван сая иргэнээ яаж орлоготой болгох вэ гэдэгт хамтарч ажиллая” хэмээв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хоёр дахь удаагаа сайдаар томилогдсонд баяр хүргээд, “Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. 180 орчим мянган малчин өрхтэй. Хөдөө аж ахуйн биржийг амилуулах хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбарыг 330 суманд бий болгож, 21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэрийг хурдтай барих хэрэгтэй. Энэ төслийн мөнгийг төсөвтэй хамааралгүйгээр бүтээчихсэн байгаа. Та энэ тал дээр Засгийн газраа манлайлаад явмаар байх юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дотооддоо хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг макеттай нь цуг гардуулж өгсөн. Мөн газар тариалангийн салбарыг хэрхэн экспорттой холбох зэрэг бодлогын бүх бичиг баримт бэлэн болчихсон. “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн мөнгө болох 70 орчим сая ам.долларыг бэлэн болгочихсон байгаа. Энэ салбарт ус, малын бэлчээр, малчдын орлого олон асуудал бий.  Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаарай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэх байх. Малчдынхаа төлөө хамтарч ажиллая” гэлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хоёр дахь удаагаа томилогдсонд баяр хүргээд, “Гурван сая монголчуудад хүртээлтэй ямар ажил байна, тэр ажлуудад анхаарч ажиллах байх гэж бодож байна. Танай салбар том ч гэлээ бас дутагдалтай.

Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр яагаад гадаадаас эрчим хүч авдаг юм бэ? Экспортын бүтээгдэхүүн гаргаж буй хоёр том үйлдвэр. Учир нь кноп нь хилийн чанадад байгаа юм. Энийг наашлуулах чиглэлд бодлогын том баримт бичгүүд гарсан. Би үүн дээр хамтарч ажиллахад бэлэн.

Мөн манай хилийн отрядууд эрчим хүчээ гаднаас авдагт анхаарах хэрэгтэй. Бид эрчим хүчний нүүрстэй орон байж гаднаас эрчим хүчний хувьд хараат байгаад хувьдаа харамсдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн сайд гэж магтдаг. Энэ салбараа мэддэг хүн учраас хамтарч ажиллахад бэлэн байгаа.

Саяхнаас бид 21 аймаг, 330 сумаа эрчим хүчтэй холболоо. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн эрчим хүчний асуудал зэрэг тулгамдсан асуудал бий. Нүүрс хааяагүй байгаа ийм тохиолдолд гаднаас эрчим хүч авч болохгүй. Багануурын эрчим хүчний төсөл, Тавантолгой орчимд барих цахилгаан станц, Оюу толгойтой үүнийг яаж холбох, усны асуудал гэх мэт ажил байна. Мөн 10 аймагт усны урсацыг судалж, цахилгаан станц барих ажил бий. Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд үүнд анхаарлаа хандуулаарай.

Дулааны цахилгаан станцтай болж, орон нутгийн иргэд гэр дотроо усаа залгаад усанд ордог болмоор байна. Үүнийг иргэдийн их хүсэж байгаа” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандан, “42 настайдаа анх удаа сайд болж байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн. Эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй. Учир нь өвчин нам харгалзахгүйгээр тусна.

Саяхан Арабын орнуудаас 7 сая орчим ам.долларын тусламжийг танай яаманд хүргүүлсэн. Тэр тусламжийг хүлээн авсан эсэхийг мэдээд, хааш нь түгээхээ бодмоор байгаа юм. Мөн цар тахлын үеэр их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй.

Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдсаныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бид хамтраад ярих ёстой. Анх цар тахал гарахад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бусад яамны сайд, дарга нартай хуралдаж байгаад хагас цэргийн зохион байгуулалтад орсон. Сүүлдээ зохион байгуулалт алдагдаад явчихлаа. Үүн дээр онцгой анхаараарай.

Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал бий. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Энийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Вакцины асуудлаар Сангийн сайд яваад байгаа нь буруу. Сангийн сайд вакцины мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бантсандаа өөрөө вакцин хөөцөлдөөд байгаа юм шиг байна. Вакцин тариулж буй хүмүүсийн ирээдүйн эрүүл мэндийн асуудал. Вакцины талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа нэг цонхоор шийдэх хэрэгтэй. Өнөөдөр вакцинаар бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн олон асуудлыг тавиад эхэлсэнийг анхаараарай” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)