Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Д.Батлут, С.Чинзориг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж,  санал хэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон, Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар гишүүдийн асуултад хариулж, тодруулга хийсэн. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон хариултдаа, БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт нэг тэрбум 236 сая ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,  эргэн төлөхдөө, зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэйг дурдав.

БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хийсэн техник эдийн засгийн үнэлгээний дагуу уг үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьсан. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө түүхий тос дамжуулах хоолой ашиглалтад орох нөхцөлтэй байгаа. Иймд түүхий тос дамжуулах хоолойг бариулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд, удахгүй олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна гэж байлаа. 

Үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нэмэлт тайлбарыг өглөө.

Ингээд гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)