Буриадын эмнэлгийнхэн вакцинжуулалтад хамрагджээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад "COVID-19"-ийн халдварын тохиолдол 148 хүнээр нэмэгдэж нийт 26.963 болов. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 88-аар нэмэгдэж, тус хотод нийт батлагдсан тохиолдол 14.482 хүн болов. 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 177 хүн эмнэлгээс гарч, халдварт өвчнөөс эдгэрсэн хүний тоо нийт 24.232 болов. Харин 4 хүн эндэж, нас барсан хүний тоо нийт 610 болов. 

Буриад улсад ОХУ-ын 4 бүсээс ирж буй иргэдээс "COVID-19"-ийн халдварыг илрүүлэх PCR-ийн шинжилгээг заавал авах тогтоолыг Буриад улсын Засгийн газраас гаргаад байна. 

Бүгд найрамдах улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах, "COVID-19"-ийн халдварыг тохиолдлыг бүс нутагт нэмэгдүүлэхгүй байх үүднээс авч буй энэ ажиллагаа 1 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Тодруулбал, Москва, Новосибирск, Красноярск, Хабаровскийн районоос нисэх онгоц болон газраар Буриад улсад ирж буй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахаар заажээ. Ингэхдээ лабораторийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх аж.

Харин ОХУ-ын Засгийн газраас бүс нутгуудад хүргэсэн 1.5 сая тун вакцинд Буриадын эмч, эмнэлгийн ажилтнууд эхний ээлжинд хамрагдаад байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.232.133.141)