Австрали шинжилгээний хариу нь зөвхөн сөрөг гарсан иргэдийг хүлээж авна

Австралийн Квинсленд мужийн Брисбэн хотод коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид хязгаарлалтаа чангатгажээ.

Австралийг зорин ирж буй бүх хүний коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарсан байх ёстой гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна.

“Шинжилгээний хариу нь сөрөг гарсан бичиг баримтаа нислэгийн өмнө байлгах ёстой. Энэ дүрэм журам өмнө нь зөвхөн нутаг буцаж буй зорчигчдод хамааралтай байсан бол одоо бүх чиглэлийн зорчигчдод хамаатай” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Нислэгийн туршид зорчигчид төдийгүй хөлгийн багийн гишүүд амны хаалтаа заавал зүүсэн байх шаардлагатайг Моррисон цохон тэмдэглэв. Олон улсын хөлгийн багийн гишүүд долоо хоногт нэгээс багагүй удаа, мөн Австралид ирснийхээ дараа тогтмол шинжилгээнд хамрагдах ёстой аж. Эрх баригчид мөн дотоодын нислэгийн үед тавих дүрэм журмаа чангатгажээ.

"Австрали улсын хувьд иргэд хилийн чанадад аялж буй нь эрсдэлийн гол хүчин зүйл болсон хэвээр байна. Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбар өөр олон улсад тархаж, тэндээс австраличууд нутаг буцаж байгаа нь асуудал үүсгэж байна” хэмээн Австралийн ерөнхий эмч Пол Келли мэдэгдсэн байна. 

Эх сурвалж:СИДНЕЙ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)