Нью-Йоркт 24 цагаар ажиллах вакцинжуулалтын төвүүд байгуулна

Америкийн Нью-Йорк хотын эрх баригчид коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хүн амаа хамруулах 24 цагийн цэгүүдийг хотынхоо бүх дүүрэгт байгуулахаар бэлтгэж байна. Энэ тухай тус хотын дарга Билл де Блазио мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куома өмнө нь нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн коронавирусний вакцин хийлгэх иргэдийн жагсаалтыг өргөжүүлнэ гэж мэдэгдсэн юм. Одоо өвчтөнүүдэд шууд тусламж үзүүлж байгаа бүх эмч, сувилагч вакцин хийлгэх боломжтой болсон байна. Урьд нь зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй эмч нар, мөн асрамжийн газрын ахмадууд, ажилтнуудыг л хамруулж байсан юм.

Де Блазио мягмар гарагт мэдээлэл хийхдээ, эрх баригчид "зохих ангилалд багтсан бүх хүнийг долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш вакцинжуулах боломжтой төвүүдийг" байгуулна гэж цохон тэмдэглэжээ. "Бид бүх таван дүүрэгтээ ийм төвүүдтэй болно. Вакцинжуулалтыг хурдан бөгөөд хүн бүрд хүртээмжтэй байлгах хэрэгтэй" гэж хотын дарга хэлсэн байна.

Хотын даргын хэлснээр, эхний гурван ийм төв ирэх амралтын өдрүүдэд Манхэттэн, Бруклин, Бронкс дүүргүүдэд нээгдэнэ. Үлдсэн хоёр дүүрэг болох Куинз, Стейтен-Айландад арай хожуу нээх аж.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “BioNTech” компаниудын хамтран гарган авсан коронавирусний вакциныг 12 дугаар сарын 11-нд бүртгэсэн билээ. Тус байгууллага мөн нэгдүгээр сарын 2-нд “Moderna” компанийн вакциныг ашиглахыг зөвшөөрсөн юм.   

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)