Монголын дугуйчид олимпын эрх авах шилдэг 50 улсад анх удаа багтав

Дугуйн спортоор 2020 оны шилдэг улс үндэстнээр Францын тамирчид шалгарсан бол Монголын баг тамирчид 351 оноогоор 44 дүгээр байрт эрэмбэлэгдэж олимпын эрх авах шилдэг 50 улсын нэгд анх удаа багтжээ.

 

Голландын мэргэжлийн “Jumbo-Visma” багийн Словени улсын тамирчин Роглич Примож /Roglic Primoz/ Олон улсын дугуйн холбоо /ОУДХ/-ны чансааг 2 дахь жилээ тэргүүлж  ховорхон амжилтын эзэн боллоо. Харин түүний нутаг нэгт Погачар Тадеж “UAE Team Emirates”-т удаалж Словени улсын дугуйн спорт сэргэн мандалтын оргил үедээ байгааг батлан харуулав.

 

ОУДХ-ны чансааг Монголын тамирчдаас 2020 оны “Under-23” ангиллын улсын аварга, спортын мастер С.Аюуш-Очир /”Алдар” БТСХ/ 75 оноогоор тэргүүлж 487 байрт эрэмбэлэгдэж байна.

 

 

Ташрамд сонирхуулахад, Монголын дугуйн спортыг дэлхийн түвшинд хүргэхэд чухал хувь нэмрээ оруулж өндөр чансааны оноо авч буй тамирчдын амжилтаас Монголын залуу дугуйчид “Парис 2024” олимпод эрх авах тодорхой тооцоолол гаргаад байгаа талаар Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран онцолж байна.

Тэрбээр: “Монголын дугуйчид сүүлийн 4 жилийн циклээр дэлхийд багийн чансаагаар 44-55 дугаар байруудыг эзэлж, цар тахалтай 2020 онд олон улсын тэмцээнүүдэд дутуу оролцсон ч 44 дүгээр байранд орсон нь шилдэг 50-д багтаж олимпын эрхийг авах бүрэн боломж байгааг харуулж байна. Монголын дугуйчид 2015 онд дэлхийн чансааны 70 дугаар байр 166 оноотой байсан бол 2016 онд 59 дүгээр байр 263 оноо, 2017 онд 55 дугаар байр 440 оноо, 2018 онд 53 дугаар байр 564 оноо, 2019 онд 57 дугаар байр 593 оноо, 2020 онд 44 дүгээр байр 351 оноог тус тус авсан нь амжилт нь жил тутам ахиж иржээ.

Энэ судалгаанаас дүгнэж үзэхэд Монголын дугуйчдад эхний 50-д багтахад 65-170 оноо дутдаг. Энэ оноог цуглуулахад олон улсын 4 өөр багт уралдаж хүчээ сарниулж буй Монголын тамирчдыг нэгтгэн шигшээ баг болон мэргэжлийн баг байгуулбал энэ оноог чөлөөтэй бүрдүүлэх төдийгүй, амжилт гаргах боломж харагдаж байгаа. Монгол дугуйчид Токиогийн олимпын дараа улсын шигшээ баг болон мэргэжлийн багаа байгуулахаар тохирсон бөгөөд ОУДХ-той хамтран Track-ын залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөх баг тамирчдаа 2024 оны олимпод Track-аар тусгайлан бэлтгэхээр тохироод байна” гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.51.78)