Биеийн илүүдэл үсээ авахаас өмнө ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ зүйлс

Шилжилтийн наснаас эхлэн бидний сэтгэлзүй болон бие махбодод олон өөрчлөлт явагдаж эхэлдгийн нэг нь биеийн зарим хэсэгт илүүдэл үс ургах явдал билээ. Илүүдэл ус ургаж эхэлж буй энэ үед буруу арчилгааг хийснээр “асуудал” улам даамжрах нь бий.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ залуу охид, хөвгүүддээ зориулан биеийн илүүдэл үсээ хэрхэн арчлах талаар мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

ИЛҮҮДЭЛ ҮСИЙГ ЗААВАЛ АВАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

Хэдийгээр биеийн илүүдэл үс чиний гадаад үзэмжээс доош татаж байгаа мэт санагдаж байж болох ч өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Гар болон хөлөн дээрх үс биеийн дулааныг тэнцвэржүүлэх, дулааны улиралд элдэв хорхой шавжаас хамгаалах үүрэгтэй байдаг бол хөмсөг сормуусны үс нь нүд рүү ямар нэгэн тоос шороо, хөлс орохоос сэргийлдэг гэдэг. Мөн умдагны үс нь элдэв нян, бактерийг бэлэг эрхтэнд нэвтрэхээс урьдчилан сэргийлнэ. Тиймээс мэргэжилтнүүд энэ хэсгийн үсийг тэр чигт нь авахгүй байх нь зөв гэж үздэг байна. 

Үүнээс гадна хэд хэдэн олны танил хүмүүс “бид заавал илүүдэл үсээ гуужуулах шаардлагагүй”, “бид яг л байгалиараа үзэсгэлэнтэй” гэх санааг дэлгэрүүлэхийн тулд биеийн илүүдэл үсээ ургуулж, үүнийгээ олонд зарласан байдаг. Тиймээс илүүдэл үсээ гуужуулах үү төрөлхийн чигээр нь ургуулах уу гэдэг нь чиний сонголт. Харин гуужуулахаар шийдсэн бол нийтлэлийг үргэлжлүүлэн уншаарай.

ИЛҮҮДЭЛ ҮСИЙГ АВАХ АРГУУД

Техник технологи хөгжихийн хэрээр илүүдэл үсээ авах аргууд ч олон төрөл болжээ. Үүнд:

  • Хусах
  • Ваксдах
  • Үс зулгаагч машинаар зулгаах
  • Гуужуулагч тос түрхэх
  • Лазердах гэх мэт. 

Дээрх арга бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай байна.

1. ХУСАХ

Илүүдэл үсийг авах хамгийн түгээмэл, хялбар, өвдөлт багатай арга бол татуургаар хусах. Биеийн илүүдэл үс нь дөнгөж ургаж байгаа охид, хөвгүүдийн хувьд энэ нь маш боломжийн арга мэт санагдах ч тогтмол хэрэглэснээр үсний ургалт хурдсах, ширхэг нь бүдүүрэх, үс арьсан дотогш ургах, арьсан дээр батга гарах зэрэг сөрөг нөлөөг дагуулдаг.

Мөн биеэс гадагшлах цус хэдий бага хэмжээтэй байсан ч нян халдаах эрсдэлтэй байдаг учир татуургаа бусадтай хувааж хэрэглэхгүйг, мөн ирийг нь долоо хоног бүр сольж байхыг анхаараарай.

ВАКСДАХ

Вакс үсийг угаар нь татан авдаг учир үсний ургалт татуургаар хусахтай харьцуулахад хамаагүй удааширдаг. Мөн өөрөө хийгээд сурчихвал заавал гоо сайхны салонд очих шаардлагагүй. Дотроо халуун, хүйтэн, туузан, өвдөлтгүй авдаг гээд олон төрөл байдаг учир зарим мэргэжилтнүүд ваксыг илүүдэл үс авах хамгийн тохиромжтой арга гэж зөвлөх нь ч бий.

Гэвч ваксыг мэргэжлийн бус хүнээр хийлгэсэн тохиолдолд арьс түлэгдэх, үсний ургалт буруу явагдах, арьс сунах, харлах зэрэг сөрөг нөлөөтэй. 

ҮС ЗУЛГААГЧ МАШИНААР ЗУЛГААХ

Эпилятор буюу үс зулгаагч машин үсийг мөн л угаар нь зулгаан авна. Мэдээж зулгаан авах учир өвдөлт тодорхой хэмжээнд мэдрэгдэнэ. Биеийн аль нэг хэсгийн үсийг хөмсөг зулгаагчаар зулгаагаад үзээрэй. Энэхүү машинаар илүүдэл үсээ авахад яг тэр мэдрэмж нэг дор их хэмжээгээр мэдрэгдэнэ. Нэг ёсондоо биеийн үсийг нэгэн зэрэг маш олон зулгаагчаар зулгаан авч байна гэсэн үг юм.

Давуу талын хувьд үсийг угаар нь авах учир хэсэгтээ л санаа зовохгүй байж болно. Харин үсийг зулгаан авснаар арьс цочрох, улаан тууралт гарах, үс арьсны дотогшоо ургах зэрэг сул талтай.

ГУУЖУУЛАГЧ ТОС ТҮРХЭХ

Ерөнхийдөө өвдөлт мэдрэхээс айдаг хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг сонгодог. Учир нь энэхүү бүтээгдэхүүнийг илүүдэл үстэй хэсэгтээ түрхээд 3-5 минутын дараа зориулалтын хусуураар хусан авчихдаг учир тэр шүү дээ. Гэхдээ үсийг угаар нь авдаггүй учир богино хугацаанд дахин ургадаг. Мөн химийн гаралтай бүтээгдэхүүн учир арьсанд тийм ч эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

ЛАЗЕРДАХ

Энэхүү ажилбар нь үсний уутанцрыг лазерын туяагаар агшаах маягаар үсний ургалтыг зогсоодог. Нэг удаагийн төлбөр үнэтэйгээс гадна курсээр хийлгэдэг учир зардлын хувьд дөнгөж илүүдэл ус ургаж буй охид, хөвгүүдэд тийм ч тохиромжтой арга биш болов уу. Гэхдээ сонирхож байвал судлаад үзээрэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)