Ипотекийн зээлтэй 57 мянга гаруй иргэний эргэн төлөлтийг хойшлуулжээ

Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 11 дүгээр сараас цахимаар авч байгаа.

Энэ сарын 25-ны байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирснээс 57,456-г нь буюу 99 хувийг нь шийдвэрлэж, эргэн төлөлтийг хойшлуулжээ.

Ингэснээр зээл авсан өрх бүрт дунджаар нийт 7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэж, энэ хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авалтад эерэгээр нөлөөлж байгааг Монголбанк мэдээллээ.

Монголбанк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний 9 сарын хугацаанд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгов.

Иргэдийн зээлийн төлбөрийн дарамтыг бууруулахаар өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулж, 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олголоо. Ингэснээр энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгожээ.

Мөн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг талуудтай хамтран зохион байгуулж, цар тахлын халдварын голомтод ажиллаж буй 1050 төрийн албан хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломж бүрдүүллээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
Зочин Түрээслээд өмчлөх төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны зээлийг НОСК царцааж өгөөчээ төлөлт өндөр хэцүү байна шүү дээ
2020-12-30 Хариулах