ЭМЯ: Хөл хориог сунгах санал гаргаагүй

ЭМЯ-наас 2021 оны 1 дүгээр сарын 6-наас хойш хөл хориог сунгах санал одоогоор УОК-т гаргаагүй хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Энэ үеэр эмч, мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариулман юм.

-ХСҮТ-д гарсан халдварын эх голомт нь нас барсан хүнээс үүдэлтэй гэсэн мэдээлэл гарсан. ХСҮТ-өөр үйлчлүүлэгчид хэрхэн үйлчлүүлэх вэ?

-Халдварын дэгдэлтийн дараах алаг цоог дэгдэлтэд хүмүүс өртөх эрсдэл өндөр тул эрүүл мэндийн байууллагын ажилчид эмчилгээ үйлчилгээ явуулж байх явцдаа халдвар авах эрсдэлтэй. Хавдрын шалтгаантай өвчтөн Баянзүрх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлээд эргэж очоод ХСҮТ болон үндэсний том төвөөр үйлчлүүлнэ. Тиймээс энэ эрсдэл байгаа. Бид судалж тандаж байна.

ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын  эмнэлгийн ажилтны үйлчилдэг байсан тухайн хэсгийг тусгаарлан, ойрын хавьтлын 100-гаад хүнийг ажиглах байранд тусгаарласан. Мөн хоёрдогч болон гуравдагч хавьтлыг тогтоогоод байна. Тэгэхээр Хавдрын эмнэлгийн тэр хэсгийг тусгаарласан.

-Цэргийн төв эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм алдсан юм биш үү?

-Цэргийн тэв эмнэлэгт эрүүл мэндийн ажилтны өвчлөл гарсан. Дэлхий дахинаа учирч буй эрсдэл адилхан. Эмнэлгийн ажилчид өртөнө. Дэлхийд гарч буй цар тахал Монголд гарч  байна. Монголын эмч нар дэлхийн эмч, эмнэлгийн ажилчидтай адил тусламж үйлчилгээ явуулж байгаа. Энэ бол маш мэдрэг вирус учир халдвартай, өвчтэй хүнтэй харьцаж буй хүн бүрт эрсдэл өндөр байгаа.

-Улс орнууд коронавирусний эсрэг вакцин хийж эхэлсэн. Манай улсад яг хэзээнээс вакцин орж ирэх вэ?

-Өнгөрсөн 7 дугаар сараас вакцин авах ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Сангийн сайдаар ахлуулсан баг удирдан зохион байгуулж буй. Ковакс хөтөлбөрийн болон хөрш зэргэлдээ бусад улс оронд бүртгэгдсэн вакцин авах ажлын багт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Вакцин тараах, түгээх төлөвлөгөө гаргасан.

-Зэвсэгт хүчний дугаар ангид ажилладаг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар тодруулна уу?

-Цэргийн ангид ажилладаг хүний гэр бүлийн гишүүн нь өвдсөн учраас хоёрдогч хавьтал юм. Хоёрдогч хавьтлуудыг шинжилгээнд оруулдаг учир тэр журмаараа шинжилгээ авна. Кластер өвчлөлтэй байгаа энэ үед ард иргэдийн дунд халдвар тарах эрсдэлээс хамгаалж хавьтал, хавьтлын хавьтлыг тогтоож шинжилгээ авч байгаа. ДЭМБ-ын зөвлөмжид хоёрдогч хавьтлаас шинжилгээ авах тухай байдаггүй. Гэхдээ бид өөрийн улс орны онцлогт тохируулан хүн амын дундах тархалт болгохгүйн тулд өргөн хүрээнд ийнхүү тандалт хийж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)