Буган хандгай

Нэн ховордсон буган хандгайн үзмэр Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна. 

Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн энэ амьтан биеэр Шивэр хандгайнаас арай бага. биеийн урт 276 см, сэрвээний өндөр 195 см, жин 400 кг хүрдэг. Ерөнхий зүс жигд бараан, мөчид арай цайвар. Эвэр жижиг, хөнгөн, бугынхтай төстэй салаа эвэртэй байдаг. Иймээс нутгийн иргэд буган хандгай гэж нэрлэх нь бий. Хятадын зүүн хойд нутаг Их хянганы нуруу, ОХУ-ын Амар, Уссурийн хязгаар, Тэнгис хавийн нутгаар байршдаг бөгөөд Халх гол, түүний цутгал Дэгээ, Нөмрөг голын савд олноор тархсан амьтан юм.

Хар мөрний хандгайг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, 1987 онд Монгол Улсын "Улаан ном"-д оруулжээ.

1964 онд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл өгснөөр АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтэс, Цэргийн тоо бүртгэгч, Техник спортын дасгалжуулагч байсан Д.Цэвээндорж тэргүүтэй, бүрэлдэхүүнд музейн эрхлэгч Ш.Гонгор, газарчнаар Халх голын дайнд оролцож явсан И.Цэдэн-Иш, анчнаар худаг усны конторын дарга М.Дашням, геологийн дарга Далхжав, гэрэл зурагчнаар Эрдэнэтогтох, 3-р баазын жолооч Сосор, тогоочоор Цэрэн, мөн Матад сумын жолооч Чулуунбаатар нар томилогдон “Ульган” голоос буган хандгай агнаж, энэхүү үзмэрийг хийж үлдээжээ. Буган хандгай нь үзэгч олны хамгийн ихээр зорьж ирж үздэг үзмэрүүдийн нэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.232.133.141)