Ч.Сайханбаяр: Автобусанд зай барих, амны хаалттай зорчих зэрэгт өөрсдөө их анхаарч байна

Б.Оргил

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээврийн автобусанд иргэд зай барьж зорчиход хяналт тавьж ажиллаж буй. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа.

-Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан зорчигч хоорондын зай барих, нэг автобусанд 12-15 хүн суухаар зохицуулж байгаа гэсэн. Хяналт шалгалтыг хэрхэн хийж байгаа вэ?

-Өнөөдрөөс бид автобусныхаа гаралтын тоог нэмэгдүүлж байна. Иргэдэд бас зорчигч хоорондын зай барьж, эрсдлээс өөрийгөө хамгаалах талаар анхааруулж, мэдээлэл өгч байна. Ажиллах хүчний боломжоос хамааран хүн бүрийг зохицуулах боломжгүй байна. Ямартай ч энэ ажилд эхнээсээ үр дүн гарч байна. Иргэд маань өөрснөө зай барих, амны хаалттай зорчих,  олон хүнтэй автобус ирвэл дараагийн автобусанд суух зэргээр анхаарч байна.  

- Автобусны буудлууд дээр  хяналтын ажилтан ажиллаж байгаа юу? 

-Нийслэлд нийт 932 буудал бий. Буудал бүрт хяналтын ажилтан зогсох боломж хараахан бүрдээгүй байна. Гэвч бид байгаа боломжоо дайчлан ачаалал ихтэй автобусны зогсоолууд дээр хяналтын ажилтан ажиллах зохицуулалтыг хийж байгаа. Энэ ажилд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас 270 орчим ажилтан, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн байгууллагаас хамтран ажиллаж байна.

-Одоогоор хэдэн чиглэлд хэчнээн нийтийн тээврийн хэрэгсэл явж байгаа вэ. Иргэдийн зорчих хөдөлгөөн, автобусны ачаалал хэр байна?

-Иргэдийн зорчих хөдөлгөөн, автобусны урсгал хэвийн байна. Зорчигчийн тоо орой гардаг. Өчигдрийн байдлаар 136 мянган иргэн зорчсон байна. Ариутгал хадваргүйтгэлийг бид дундын зогсоолуудад хийж байгаа. Дээрээс нь COVID-19-ийн өвчлөл илэрсэн дүүргүүдийн чиглэлд илүү анхаарч ариутгал халдваргүйтгэл хийж байна. ААН, байгууллагууд бас гар ариутгагчаа бэлтгэхээс эхлээд энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)