ХӨЛ хорионы үед NETFLIX-ээс үзэх 6 сонирхолтой цуврал

Хоногийн хорин дөрвөн цагийг гэртээ өнгөрүүлж буй энэ үед бидний дийлэнх нь "Netflix"-ийг хашрааж буй биз ээ. Танд санал болгож байгаа бүх цувралыг үзээд дуусгачихсан бол энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Олныг шууруулсан, алдартай биш хэдий ч өндөр үнэлгээтэй, чансаатай зургаан бүтээлийг бидний зүгээс санал болгож байна. 

1. THE MIDNIGHT GOSPEL 

Үнэлгээ:

Rotten Tomatoes- 93%Metacritic- 82

Яг нэр шигээ хачирхалтай, жигтэй, хүний санаанд оромгүй визуал дүрслэл болоод амьдрал, үхлийн талаарх гүн гүнзгий харилцан яриагаар баялаг анимэйшн. Подкаст ертөнцийн загалмайлсан эцэг гэхэд хилсдэхгүй Данкан Трасселын бүтээл болох энэхүү цуврал дээр гарах харилцан ярианууд бүхэлдээ “The Duncan Trussell Family Hour” шоуны зочидтой хийсэн бодит ярилцлагын хэсгүүд гэдгээрээ онцлог.

Гол дүр болох Клансигийн дүрд Данкан өөрөө дуу оруулсан тул түүний шүтэн бишрэгчдэд яг л подкаст сонсонгоо анимэйшн үзэж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй. Үйл явдлын тухайд сансрын олон хэмжээст орон зайд чөлөөтэй симуляци хийх чадвартай Кланси хэмээх залуу анги бүр дээр өөр өөр ертөнцөөр аялах болно. Симуляци ертөнцүүдэд таарах шинэ дүрүүдтэй тэрээр сүнслэг оршихуй, сэтгэл судлал, философи, бясалгал, Буддын шинжлэх ухаан, гэгээрлийн мөн чанар гэхчлэн төрөл бүрийн сэдвээр ярилцана.

Тэр бүхэн хүмүүсийн гүнзгий судлаад байдаггүй философи, шашны итгэл үнэмшлийн тухай санаануудыг тун энгийн, хөгжилтэй, өвөрмөц дүрслэлүүдийн хамтаар тайлбарласан учраас уйтгартай байх вий гэж бүү санаа зовоорой. Одоогийн байдлаар ганцхан улирал цацагдсан бөгөөд анги тус бүр нь ердөө 20-30 минут үргэлжлэх тул нэг шөнийн дотор дуусгачих боломжтой. Эхний ангийг үзээд л таны урмыг хугалахгүй гэдгийг нь ойлгох биз ээ.

 

 

 

2. BOJACK HORSEMAN

Үнэлгээ:

Rotten Tomatoes- 93%Metacritic- 82

GQ сэтгүүлийн тодорхойлсноор энэ арваны хамгийн шилдэг инээдмийн цувралыг та хэрэв эхлүүлж амжаагүй байгаа бол яг одоо нээгээд үзээрэй.

1990-ээд оны савангийн дуурийн оргил үед телевизийн од болон гялалзаж явсан Божак орчин цагт бол дунд насны хямрал, мансууруулах бодисын эцэс төгсгөлгүй хэрэглээнд живж яваа бүтэлгүй нэгэн. Энэхүү эмгэнэлт-инээдмийн төрөлд хамаарах анимэйшн нь амжилт, алдар цуу, төгс төгөлдрийн тухай зогсоо зайгүй ярих болсон одоогийн нийгэмд өөрийнхөө бүх л сул талыг хүлээн зөвшөөрч, илүү дээр нэгэн болох гэж хичээж яваа “архинд донтсон морь”-ийн түүхээр дамжуулан хүн бүхний дотор буй оршихуйн хямралыг ний нуугүй илчлэн гаргасан мэт. Зарим ангийн дараа та дотор байгаа бүхнээ уудлан гаргаж уйлмаар санагдана, харин зарим анги дээр өөрийгөө бүх л сул талтайгаа цуг хайрлах ёстой юм байна гэдгийг ухаарна.

"Bojak"-ийн нэг анги дээр “Аз жаргалтай байхын тулд ердөө л жаргалтай байгаа юм шиг жүжиглэхэд л хангалттай, хэсэг хугацааны дараа чи угаасаа жүжиглэж байгаагаа мартчихна” гэж хэлдэг юм. Яг энэ эшлэл шиг бид бусдад таалагдахын төлөө зүүсэн багаа удалгүй жинхэнэ өөрийгөө гэж итгэж мэдэх тийм л цаг үед амьдарч байгаа билээ.
Олны дунд зүүж явсан хэдэн давхар багаа тайлж, жинхэнэ дотор хүнтэйгээ нүүр тулахад энэ цуврал тусалж магадгүй юм шүү. Сонирхуулахад, 2014 оноос эхлэн нийт 77 анги цацагдсан тус цувралыг бүтээгчдийн нэг Лиза Ханавальтын “Tuca & Bertie" хэмээх шинэхэн анимеэйшнийг та мөн "Netflix"-ээс үзэх боломжтой.

 

 

 

3. MIDNIGHT DINER

Энэ цувралыг ганцхан үгээр тодорхойл гэвэл "дулаахан" гэх үг л хамгийн эхэнд толгойд бууна. Дулаахан хөгжим, дулаахан хүмүүс, эгэл хэр нь эгэл бус, дулаахан түүхүүд.

Түм түжигнэж, бум бужигнасан Токио хотын аль нэг буланд шөнө дундаас эхлэн үүр цайтал ажиллах жижигхэн хоолны мухлаг байх бөгөөд тус газрын эзэн орж ирсэн хэн бүхнийг таньдаг гэхэд хилсдэхгүй. Хоолны ширээний ардах үйлчлүүлэгчид өөрсдийн хайр дурлал, бүтэлгүйтэл, шаналлын тухай сэтгэл хөдлөм дурсамжаа "мастер" хэмээн авгайлах тогооч эрд хүүрнэнэ. Шүлс асгаруулам япон хоолоор даруулан тэдгээр түүхийг шимтэн сонсох нь сэтгэл тайвшруулмаар ид шидтэй.

Нэг анги нь ердөө хорин минут үргэлжилдэг хэдий ч анги бүхний дараа амьдралын тухай хэсэгхэн бодож эргэцүүлмээр санагдах тул ховор амттан идэж буй мэт нандигнан үзвэл илүү зохилтой. Хэрэв бид анзаарч харж чадах л юм бол амьдралыг илүү үзэсгэлэнтэй, дурламаар, чамин болгож буй эгэл хүмүүсийн түүхээр энэ ертөнц хэчнээн баялаг дүүрэн болохыг тун ч хөнгөхнөөр харуулснаараа онцлог.

Яг энэ цаг үед толгой өвтгөсөн, хар бараан зүйлс үзмээргүй байгаа хүмүүст энэхүү цувралыг санал болгоё.

 

 

 

4. WHEN THEY SEE US

Үнэлгээ:
Rotten Tomatoes- 96%, Metacritic- 86

Ава ДюВерн нь Америкийн шүүхийн систем дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг чансаатай бүтээлүүдээрээ алдаршсан найруулагч, продюсер билээ ("Selma", "A 13th"). Түүний ээлжит уран бүтээл болох, өнгөрсөн онд томоохон шуугиан дэгдээсэн "When They See Us" нь бодит явдаас сэдэвлэн бүтээгдсэн гэмт хэрэг, драм төрлийн мини-цуврал юм.

1989 онд Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд онц хэрцгийгээр хүчирхийлүүлсэн эмэгтэйн хэрэгт сэжиглэгдэж улмаар 2002 онд цагаатгагдсан таван өнгөт арьстан өсвөр насны хөвгүүдийн сэтгэл шимшрүүлэм түүхийг энэхүү цуврал өгүүлнэ.

Хүн бүхний өмнө тэгш үйлчлэх учиртай хуулийг хэрэгжүүлэгч байгууллага нь өөрсдөө хүний эрхийн эсрэг хамгийн хүчирхэг зэвсэг болон хувирах нь хэчнээн аюултайг энэ хөвгүүдийн туулж гарсан бодит түүхээс харах боломжтой.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй ховорхон таардаг бидний хувьд АНУ-д саяхан өрнөсөн #Blacklivesmatter гэх мэт хөдөлгөөний ач холбогдлыг төдийлөн сайн ухаж ойлгохгүй байх нь элбэг. Гэхдээ та энэ цувралыг үзэж дуусгасныхаа дараа шүүхийн өмнө бусадтай адил эрх эдлэх нь, шударга ёс зөвхөн цагаан арьстнуудад үйлчилдэг бус бүх хүнд ижил тэнцүү оногддог байх нь хэчнээн эрхэм нандин зүйл болохыг ойлгох төдийгүй тэдгээр сая сая хүмүүс чухам юуны төлөө улайран тэмцэж буйг бага ч гэсэн ухаарах нь дамжиггүй.

Энэхүү цуврал дээр гарах бодит хэргийн талаар илүү дэлгэрэнгүйг та эндээс унших боломжтой.

 

 

5. MIND HUNTER

Үнэлгээ:
Rotten Tomatoes- 98%, Metacritic- 80

Дэвид Финчерийн фэн үү?

Цуврал гэмт хэрэгтнүүдийн тухай кинонд дуртай юу?

Дээрх хоёр асуултад "тийм" хэмээн хариулсан бол эргэлзэх зүйлгүй "Mind Hunter"-ыг эхлүүлээрэй. Олон нийтийг цочроосон аймшиг аллагуудыг үйлдсэн алуурчдын сэтгэлзүй, зан төлөвийг судлах Холбооны мөрдөх товчооны ажилтан залуугийн бодит түүхээс энэ цувралыг сэдэвлэжээ.

Хэний ч таамаглашгүй нэгэн хэргийн гол эзэн байх огцом эргэлт, логик дараалал бүхий асуултуудын араас мөшгөсөөр хэрэгтнийг олох ухаалаг мөрдөгч, хэрэгтний сэтгэлзүйг ойлгоход туслах шинжлэх ухааны гаргалгаанууд гээд энэ төрлийн цувралаас үзэгчийн хүлээж болох бүхий л чамин элементүүд энэ цувралд бий.

Хэн ч харсан найрсаг сайхан ааштай, ухаалаг, хорхойд ч хоргүй нэгэн мэт харагдах нэгэн эр гэм зэмгүй найман бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн цуутай алуурчин гэж хэний толгойд буух билээ дээ? 1970-аад оны Америкийн түүхэн дэх алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг болох Эдмунд Кемпер хоёр мөрдөгчид гэмт хэрэгтнүүдийн тархи хэрхэн ажилладаг, тэд ямар шалтгааны улмаас, юуны төлөө аллага үйлддэг тухай ярих нь сонирхолтой. Цуврал доторх кейсүүд болон алуурчдын яриа нь тэр чигтээ бодит түүхээс сэдэвлэсэн учраас анги ахих тусам улам илүү үзүүштэй болно гэдгийг амлаж байна. Хэтрүүлэгтэй жүжиглэлт, дэлгэц дүүрэн цус нөж, буу шийдэм болсон хөөцөлдөөнөөс ангид, тэс өөр цуврал юм шүү.

"Se7en", "Fight Club", "Gone Girl" гэх алдарт бүтээлүүдийн найруулагч Дэвид Финчер тус цувралын ерөнхий продсерээр ажилласан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Харамсалтай нь, 2017 оноос хойш хоёр бүлгийг цацаад байсан цувралын ажил энэ оны эхээр тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй юм.

 

 

6. ATYPICAL 

Үнэлгээ:
Rotten Tomatoes- 87%, Metacritic- 66

" Хүмүүс хэзээ ч төгс байх боломжгүй шүү дээ. Бид машин биш."

Төгсгөлд нь хөл хорионы энэ цагт гэр бүлээрээ тойрч суугаад үзэх боломжтой, хөнгөхөн инээдмийн цувралыг санал болгоё.

18 настай, аутизмтай Сэм Гарднер хүү, түүний гэр бүлд тохиох олон асуудлыг хөгжилтэй, хөнгөхөнөөр энэ цуврал үзүүлдэг. Бусад хөвгүүдийн адил охидтой болзож, хэн нэгэнд дурлахыг хүсэх Сэм сэтгэлзүйчдээ дурлачихсан гэдгээ өөрөө ч мэдэхгүй явна. Эцэг эх нь хүүдээ хайр дурлалын зөвлөгөө өгч, сэтгэлзүйчдээ дурлаж болохгүйг анхааруулан, өөрт нь тохирох найз охины эрэлд гарснаар улам хөгжилтэй, гунигтай, сэтгэл хөдөлгөм адал явдлууд ар араасаа хөврөх болно доо.

"Netflix"-ийн хамгийн баялаг категори "өсвөр насныхны хайр дурлал" байдаг ч ихэнхдээ бодит амьдрал дээр хэзээ ч тохиолдохооргүй хэт дэврүүн зохиол болон дүрүүдтэй байх нь элбэг.

Харин "How I Met Your Mother" цувралаараа олонд танигдсан Робиа Рашидын энэхүү бүтээл өсвөр насныхан, эцэг эхчүүд гээд хэн ч үзсэн болохоор, амьдралд ойр харилцан яриа, дүрүүдийн түүхээр баялаг. Зөвхөн аутизмтай хүүгийн гэнэн хайрын тухай бус, түүний аав ээжийн харилцаанд тохиолдох асуудлууд, найз нөхөрлөл гээд өргөн хүрээг хамарсан гэх үү дээ. Юутай ч эхний ангийг нь үзээд л төгсгөлийг нь хялбархан таамаглачихдаг хөнгөн ром-ком цувралуудаас ангид гэдэгт итгээрэй.

Цувралын эхний бүлэг цацагдсаны дараа аутизмтай хүмүүсийн бодит нөхцөл байдлыг хангалттай үнэмшилтэйгээр харуулж чадаагүй гэх хэд хэдэн шүүмж ирсэн тул дараах бүлэгтээ аутизм өвчинтэй олон жүжигчнийг тоглуулж, харилцан яриагаа ч аутизмтай зохиолч нараар бичүүлсэн тул үзэгчдээс хоёрдугаар бүлэг өндөр үнэлгээ авсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.90.50.252)