Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хороо хуралдав

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдааныг ГХЯ-нд өнөөдөр, 11 дүгээр сарын 24-нд цахимаар зохион байгуулав. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөгч нар оролцов.

Энэ удаагийн хуралдааныг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохиож байгаагаараа онцлог. Хуралдааны үеэр талууд:

  •  Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэлийг хангах, 
  • хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах, 
  • салбарын яам, байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тасалдуулахгүй зохион байгуулах талаар ярилцав. 

Мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэв.

БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг дүгнэж, эрчимжүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, “Солонго 1”, “ Солонго 2” төсөл, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл, “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулах зэрэг төслийн хэрэгжилтэд анхаарахаар болов.

Талуудын дээд, өндөр түвшинд тохирсон худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, ХАА, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон чухал тохиролцоог урагшлуулж, бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов. Энэ хүрээнд Солонгосын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах, Монгол Улс, БНСУ-ын “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн стандартыг тохирох чиглэлээр ажлын түвшинд хамтран ажиллахаар тогтов.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)