Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход 23,1 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ

“Уур Амьсгалын Ногоон Сан”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөл энэ сарын 10-нд зохион байгуулсан 27 дугаар хурлаар Монгол Улсад 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг “Монголын хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл хэрэгжүүлэхэд олгохоор шийдэв.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгээр 7 жилийн хугацаанд хэрэгжих энэ төслийн үр шимийг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, эрсдэл бүхий  Монгол орны алслагдсан баруун, зүүн бүсийн дөрвөн аймгийн 26,000 гаруй өрхийн 130,000 иргэн хүртэх юм.

Төсөл нь бэлчээрийн менежментийн сайн туршлагыг нэвтрүүлэх бодлогын өөрчлөлтийг дэмжих, шийдвэр гаргах, байгалийн нөөцийн менежментэд уур амьсгалын өөрчлөлтийн төлөвийг харгалзан, малчдын уламжлалт хамтын ажиллагааг дэмжиж, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн мал аж ахуйн  бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгөх шинэлэг технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх боломж, ус, бэлчээрийн менежментийг сайжруулах, доройтолд орсон болон усны сав газрыг нөхөн сэргээх чиглэлээр ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)