Я.Содбаатар: Цаашид хөл хориог сунгаж магадгүй

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өгөх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хөл хорионы үед банк санхүүгийн байгууллагад зээлтэй иргэдэд хүндрэл учирч байна. Энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах уу?

-Цар тахлын үед зээл хойшлуулах асуудлыг одоогоор судалж байна. Гэхдээ бид Монгол Улсад дотоодоос халдвар илэрсэн хүмүүсийн ойрын болон дам хавьтлыг хяналтанд авах ажлыг гол чиглэл болгож байна. Үүний зэрэгцээ хүнс, эрчим хүч, дулаан, усан хангамж зэрэг стратегийн гол салбарын хангамжийг таслахгүй байхыг голлож ажиллана. 

-Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирчихээд хөл хорионы улмаас буцаж чадахгүй олон хүн байгаа. Цаашид хөл хорио сунгавал энэ хүмүүүсийн асуудлыг шийдвэрлэх үү?

-Улаанбаатар хотын орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай байгаа. Цаашид хөл хориог сунгаж магадгүй. Тэдгээр хүмүүсийг хотоос гаргана гэж хэлж чадахгүй юм. Цар тахлын асуудал яригдаж байна. Тиймээс маш хатуу хяналтанд ажлаа зохион байгуулна. Монголчууд нийтээрээ хамтарч дэмжиж ажиллах ёстой. 

-Сэлэнгэ аймагт гарсан халдварын эх үүсвэрийг тогтоосон уу. ХӨСҮТ-ийн сувилагчтай нэг эх үүсвэртэй байж болох уу?

-Сэлэнгийн тохиолдлыг Улаанбаатар хоттой нэг эх үүсвэртэй гэж тогтоогоогүй. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар нэг эх үүсвэртэй байх магадлалтай. Одоогоор тодорхой таамаг дэвшүүлсэн төдий. Сэлэнгэ аймгийн тохиолдлын дам хавьтлуудыг бүрэн хяналтдаа авсан. Одоо шинжилгээнд хамруулж байна. 

-Увс аймагт хоёр өрхийг тусгаарлалтад авсан гэсэн мэдээ байна. Энэ талаар тодруулна уу?

-Увс аймгаас гадна хэд хэдэн аймагт ойрын хавьтлын хүмүүс очоод байгаа. Улаанбаатар хотод илэрсэн анхны тохиолдлын ойрын хавьтлын 200 гаруй хүн байгаа юм. Тэр хүмүүсийг тогтоож хаана байгааг нь нэг бүрчлэн тодорхойлсон. Зарим аймагт үзвэр үйлчилгээ хамт үзсэн хүмүүс байна. Зарим аймагт тухайн хүнтэй уулзаад гарсан хүмүүс ч байна. 

-"Энхсаран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдсанаас дотоодод халдвар алсан байж магадгүй гэсэн асуудал яригдаж байна гэж өмнө нь мэдэгдсэн. Энэ асуудлаар ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үү?

 

-Улс даяараа амаргүй нөхцөл байдалд байна. Бид хүнд хариуцлага тооцох цаг хугацаа олдох байх. Энэ нөхцөл байдлын дараа том дүгнэлт гарч таарна. "Энхсаран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь үнэн. Хариуцаж байсан хүмүүсийн нэр ус байж байгаа. Гэхдээ өдөр шөнөгүй 24 цагаар зүтгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох эсэхийг бодолцож байна. Тэр хүмүүс сүүлийн 10 сар эхнэр хүүхдээ орхин тэнд харуул хамгаалалтад зогсож байсан. Хамгийн гол нь үндэстнийг аюулд автуулж буй цар тахлыг хумих хэрэгтэй.

-Голомтод ажиллаж байгаа хүмүүст урамшуулал олгох асуудлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Голомтод ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Өмнө нь бид ар гэрт нь мөнгөн тусламж олгох, цалинг нь нэмэх, түрээсийн орон сууцанд хамруулах гэсэн арга хэмжээ авч байсан. Одоо байдал амаргүй цаг үед  эмч, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хилийн цэргийн салбарынхан ажиллаж байна. Энэ өвчин юугаар ч халдварлаж болно. Агаар дуслын замаар халдварлаж байна. Сэлэнгийн цаана хэдхэн км-ийн цаана ОХУ-ын Хиагт хотод  800 гаруй хүн өвдсөн байна. Муур нохой, шувуу зэрэг амьтнаас амьтанд халдаж байгаа. Тиймээс ямар эх үүсвэрээс гэж тодорхойлох боломжгүй. Анхнаасаа Сэлэнгэ аймгийг эрсдэлтэй бүс гэж байсан нь энэ. 

-Мах тээврийг зарим аймагт явуулахгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Мах тээврийн асуудлаар үдээс хойш чиглэл өгсөн. Мах тээврийн машин тээвэрт гарахдаа тухайн аймаг, сумын мал эмнэлгээс зөвшөөрөл авдаг. Түүнтэй хамт Улаанбаатар руу орох зөвшөөрлийг нь хамт олгохоор болж байгаа. Мах тээвэрт ямар нэгэн хүндрэл гарахгүй. Орж ирсэн автомашиныг буцаад гаргахгүй байх асуудал гарч байсан байна. Одоо ийм асуудал гарахгүй болж байгаа. 

 

Бүх супермаркетийн хангамжийн мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байгаа. Хүмүүс нөөцлөх маягаар их хэмжээний хүнс авч байгаа тул зарим газар тодорхой хугацаанд хүнс багасах асуудал гарч байна. Тиймээс үүнд яаралтай зохицуулалт хийж байгаа тул хүдрэл байхгүй. 

Бид цаг тутам мэдээлэл авч байна. Манай улс өндөгнийхөө 50 хувийг хойд хөршөөс авдаг. Өндөг дээр л асуудал үүсэж болзошгүй. ХХААХҮЯ өндөг үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтарч ажиллахаар ажиллаж байна.

-Нийслэлд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хэзээ эхлэх вэ?

-Өчигдөр оройны 19.00 цагийн УОК-ын шуурхайгаар Улаанбаатар хотын хэмжээнд дотор болон гадна талд нийтийн ариутгал, халдваргүйтгэл хийх чиглэл өгсөн. Энэ дагуу НОК хуралдаж энэ чиглэлийн арга хэмжээг өнөөдрөөс авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, ойр болон дам хавьтлын хүмүүсийн орсон заал, номын сан, үйлчилгээний төв, ресторан, суусан автобус зэргийг болон гудамж талбайг мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр ариутгаж эхэлсэн.  

-Улаанбаатар хотын Дарь-Эхийн Тоосгоны үйлдвэрийн орчмоос иргэдийг ХӨСҮТ рүү авч явсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Анх халдвар илэрсэн тээврийн жолоочийн хүүхэд дөрвөн настай бөгөөд цэцэрлэгт явдаг байсан. Тухайн хүүхэдтэй цэцэрлэгт 23 айлын 27 хүүхэд хамт явсан. Тиймээс тэдгээр хүүхдүүд амьдардаг айл өрхийг тусгаарлах чиглэл өгч, цэргийн госпитал руу өнөөдөр татаж шинжилгээ авсан. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)