Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 10 бүлэг, 60 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь хуулийн төслийн зорилго аж.

Төсөлд Хот байгуулалтад оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүрэг болон хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлтийн зохицуулалтыг шинээр тусгасан болохыг Б.Мөнхбаатар сайд танилцуулгадаа дурдав.

 

Түүнчлэн хот суурин газрыг шинээр байгуулах, нүүлгэн шилжүүлэх, татан буулгахтай холбоотой харилцаа, зохицуулалтыг шинээр тусгасан байна. Бүс нутаг, хот төлөвлөлтийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийг гүйцэтгэх, улсын хот байгуулалтын эрдэм шинжилгээний хүрээлэн, хот байгуулалтын салбарын мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн зэрэг, стандарт, тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан байна.

Хуулийн төслийг баталснаар хот, суурин газар болон улс, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хууль зүйн хувьд дараахь эерэг үр дагавар бий болгох ач холбогдолтой гэж үзжээ. Тухайлбал, бүс нутаг, хот, суурины хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаарх бодлого, хэрэгжилтийн зохицуулалт нь нэгдмэл болж, хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна. Мөн хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, ногоон хот байгуулалт бий болох нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ташрамд дурдахад, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг өчигдөр буюу энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад ажлын цаг дууссан тул санал хураалтыг өнөөдөр явуулахаар хойшлуулаад байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)