Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтой

Япон Улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх боломжтойг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Кобаяши Хироюки Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй өчигдөр уулзах үеэрээ мэдэгдэв.

Тэрбээр, “Манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн. Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “ТЭЦ-IV” ТӨХК-д тусламж дэмжлэг үзүүлж ирсэн”-ийг дурдсан юм.

Хамтын ажиллагааны  хүрээнд  Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын цахилгаан хангамжийг шийдвэрлэх,  нар салхины станц байгуулах төсөлд харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын томоохон хандивлагчийн нэг Япон Улс нь манай орны хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийллээ. Цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төсөл болон усан цахилгаан станцын  хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа дурдав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)