Япон эмч нар вирусын үржлийн эсрэг эм гарган авахаар төлөвлөжээ

Японы судлаачид коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн биед үүссэн эсрэг биетийг ашиглан уг өвчнийг эмчлэх эм гарган авахаар төлөвлөж байна.

Фүкүшима анагаах ухааны их сургуулийн профессор Такаги Мотокигээр ахлуулсан баг төслийнхөө талаар даваа гарагт хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулжээ.

Судлаачид эдгэрсэн хүмүүсийн цуснаас авсан уураг болох саармагжуулах эсрэг биетийг ашиглан эм бүтээхээр төлөвлөжээ. Ийм эсрэг биетүүд нь вирусний үржлийг зогсоодог бөгөөд тэдгээрийг ашиглан бүтээсэн аливаа эм нь маш өндөр үр дүнтэй байх төлөвтэй байгаа аж.

Судлаачдын баг бага хэмжээний цуснаас нэгэн зэрэг янз бүрийн эсрэг биетүүдийг илрүүлэх технологийг хөгжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 40 орчим хүн цусны сорьцоо задлан шинжлүүлэхээр өгчээ. Судлаачид 100 хүнээс сорьц цуглуулахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр шаардлагатай төрлийн эсрэг биетийг олж авна хэмээн найдаж байгаа ажээ.

Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр судлаачид коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүст хамтран ажиллахыг уриалжээ. Тэд шаардлагатай саармагжуулах эсрэг биетээ олсон тохиолдолд хувилан олшруулахаар төлөвлөсөн байна. Судлаачдын мэдээлснээр, уг эм нь вакцин үйлчилдэггүй хүмүүст ч үр дүнтэй байх ажээ.

Шинэ коронавирусний халдварыг одоогийн байдлаар бусад өвчнийг эмчлэхэд зориулан гарган авсан эмээр голчлон анагааж байгаа юм. “Одоогоор ашиглаж буй эм, вакцинууд бүх хүнд тусламж үзүүлэхэд хүрэлцэхгүй тул бид эсрэг биетэд суурилсан эмийг гарган авахыг эрмэлзэж байна” гэж профессор Такаги хэлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.232.51.240)