СЕХ-ны шинэ удирдлага, гишүүд тангараг өргөв

Шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга Пүрвээгийн Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очир, гишүүн Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нар өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гишүүдийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулж тус Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан удирдав. УИХ-ын 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх хүмүүсийг үүрэгт ажилд томилсон юм. 

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн СЕХ-ны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох СЕХ ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс СЕХ-ны ажлын бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

 

Ёслолд СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Бямбадулам, зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.87.209.162)