"Мобиком" иргэдийг молигдсоор байх уу?

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  2020 оны наймдугаар сарын 20-нд 11:00 цагаас үүрэн телефоны томоохон операторуудын нэг “Мобиком” компани хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж, иргэдийг хуурч мэхлэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлсээр байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, “Мобиком” компанийн хэрэглэгч Баянзүрх, Баянгол дүүргийн иргэн Д.Бямбацогт, Г.Үнэнбаяр нар  баримт нотолгоо бүхий мэдээлэл дэлгэн хэвлэлийн бага хурал хийлээ.  

Г.Үнэнбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хохирч байна

Дэлхий нийтээрээ цар тахалд дарлагдсан, албан газар, айл өрх, иргэдийн хэтэвч нимгэрсэн энэ хүнд үед иргэд, хэрэглэгчдийг мэдээлэл дутмаг байгаагаар нь далимдуулан үйлчилгээнийхээ үнэ тарифыг нэмж, үл бүтэх олон мэдээлэл дунд төөрөлдүүлж, иргэдийн халаасыг тэмтэрч, ашиг орлогоо нэмэгдүүлж, иргэдийг шулж байгаа нь “Мобиком” компанийг даврааж, иргэдийг санхүүгээр нь боолчилж байна гэдгийг хуралд оролцогчид онцлон хэлж байна. Тухайлбал, үүрэн телефон хэрэглэгчдийн хувьд сарын хэрэглээ янз бүр байдаг.

Сард 10-20 мянган төгрөгөөр ярих хүн байхад 40-50 мянга, бүр 100-200 мянган төгрөгийн яриа хийдэг хэрэглэгч ч бий. Тиймээс хэрэглээний багцуудыг олон шатлал, ангилалтай, харилцан адилгүй нөхцөл, төлбөрийн босготойгоор санал болгосон байдаг.

Гэвч энэ нь  бодит амьдрал дээрээ үнэ тарифын нэмэгдэл, олон давхар үйлчилгээний санал тавих зэрэг зальтай аргаар иргэдийг хохироох арга хэрэгсэл болж байна гэдгийг  “Мобиком”-ын хэрэглэгч иргэн Д.Бямбацогт өөрийн хэрэглээний үнэ тариф болон  өөртөө,  гэртээ авсан нэмэлт үйлчилгээнүүд дээр жишээ баримттай тайлбарлан ярьсан юм.

Мөн “Мобиком”-ын энэ мэт үйлчилгээ нь ажилтай орлоготой иргэдийг бус, гэртээ хувиараа хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож, хүргэлтийн үйлчилгээ, хэрэглээний яриаг нь хэрхэн хязгаарлаж байгаа талаар Баянгол дүүргийн иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл Г.Үнэнбаяр хэллээ.

Г.Хонгор: ШӨХТГ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй байна

Энэхүү хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл нь ганц энэ удаа ч биш, олон жил ярьсаар шүүмжилсээр ирсэн зүйл гэдгийг ч тэд бас хэлж байсан юм. Мөн энэ асуудлаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор гомдол мэдүүлж буй хохирсон иргэдийг төлөөлөн ШӨХТГ-д  хандсан боловч мэддэг, хариуцдаг хүн цөөн, хууль дүрэм журамаа бариад хөөцөлдөх хүн байхгүй, сэтгэл зүтгэлгүй ажиллаж байгааг тэрээр шүүмжилж байв.

Мөн тэрээр “Цар тахлын улмаас улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдсан, иргэдийн цалин орлого буурсан энэ цаг үед төр засгаас иргэдийн цалин орлогыг хадгалахад чиглэсэн эдийн засгийн арга хэмжээ авч байгаа боловч санхүүгийн бодлогын нэг чухал арга хэрэгслийг орхигдуулж байна. Энэ бол угтаа санхүүгийн арвилан хэмнэлт юм.

Гэвч энэхүү арвилан хэмнэлтийн хүрээнд иргэдийн халааснаас өдөр тутам байнга гардаг зардлуудын нэг бол харилцаа холбооны зардлууд юм. Сүүлийн жилүүдэд энэ зардал байнга өсч байгаа бөгөөд эдгээр нь өрхийн амьжиргаанд тодорхой дарамтыг үүсгэж байна.

Нөгөө талаас, “COVID-19” цар тахлын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд аливаа биет харилцааг үүсгэхээс зайлсхийх улмаар эдгээр харилцааг багасгах, бууруулахад харилцаа холбооны салбарын хувь нэмэр оролцоо, тэр дундаа үүрэн телефон операторуудын үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ маш чухал байна.

Гэтэл харилцаа холбооны салбар дах тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим оператор компани зах зээл дээрх өөрийн монопольт давуу байдлаа цар тахлын үед  зөвхөн өөрийн бизнесийн явцуу ашиг сонирхлын төлөө ашиглаж, харин ашиг орлогыг нь бүрдүүлж буй хэрэглэгчийг үл тоомсорлох, хохироох, хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчих, хэрэглэгчийн өргөдөл гомдол саналыг шийдвэрлэж өгөхгүй байх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой холбогдох хууль тогтоомжийг зөрчих зэрэг асуудлууд түгээмэл байгаа бөгөөд иргэдээс энэ талаар өргөдөл гомдол ирүүлж байна.

“Хэрэглэгч та ХААН” гэсэн зарчим хэрэгжихээ болиод удаж байна

Иргэдийн өргөдөлд дурдагдсан асуудлууд нь мөн чанартаа “Мобиком” корпораци ХХК-ийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй нь шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд олон жилийн туршид харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Мобиком корпорац” ХХК-ийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай зэрэг хууль, “ Монголын хэрэглэгчдийн эрхийн тухай тунхаг", Хэрэглэгчийг хамгаалах үндэсний хөтөлбөр зэрэг хууль тогтоомжуудийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл, үйл ажиллагааг удаа дараа гаргаж байна.

Хэрэглэгчийг хамгаалах үндэсний хөтөлбөрт заасан худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л салбарт “ ХЭРЭГЛЭГЧ-ХААН” гэсэн зарчмыг хэрэгжүүлэхгүй байх зөрлүүд нийтлэг байна. Эдийн засгийн хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ цаг үед хэрэглэгчийг хохироосон, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хэрэглэгчийг зах зээлээс хямд, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгон авах эрхийг нь зөрчиж байх тул энэ чиглэлээр Засгийн газар болон төрийн захиргааны бүх шатны байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхаарал хандуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг чанарын шинэ шатанд гаргах шаардлагатай байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)