УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг сургалтад хамруулав

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахад зориулан хийдэг ээлжит дотоод сургалтыг өнөөдөр “УИХ-ын чуулганы хуралдааны дэг ба хэрэглээ” сэдвээр зохион байгууллаа.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сургалтыг нээж хэлэхдээ, "УИХ-ын Тамгын газрын ажилтай холбоотойгоор анхаарах зүйлийг тухай бүрт нь тодорхой дараалал, хөтөлбөрийн үндсэн дээр ажилтнуудад танилцуулан тогтмол зохион байгуулах сургалтыг нэмэгдүүлж, нэгдсэн сургалтаас гадна хэлтэс, албад дотроо сургалт хийнэ" гэдгийг тэмдэглэлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “УИХ-ын чуулганы хуралдааны дэг ба хэрэглээ: Дэгийн хуульд орсон шинэ зохицуулалтууд” сэдвээр эхний илтгэл, танилцуулгыг хийв. Тэрээр илтгэлдээ  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан хэдий ч зарчмын хувьд цоо шинэ агуулга бүхий заалтууд орсныг тэрээр илтгэлийнхээ эхэнд дурдаад, хуулийн зүйл, заалт бүрээр тулгуурлан дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Дараа нь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал “Өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг Чуулганы хуралдаанаар хэлэлцэх үе шат, онцлог, анхаарах зүйл” сэдвээр,  Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон хэлэлцэж буй төслийн үр нөлөөний үнэлгээ, төсөвт үзүүлэх зардлын нөлөөллийн талаар судалгаа, шинжилгээ хийх зөвлөмж гаргах, Байнгын хороонд танилцуулах журам” сэдвээр илтгэл, танилцуулга  хийв.

Төгсгөлд нь сургалтын сэдэв, илтгэлтэй холбогдуулан Тамгын газрын ажилтнууд асуулт асууж, илтгэл, танилцуулга хийсэн Тамгын газрын удирдлагууд асуултад дэлгэрэнгүй, тодорхой хариуллаа.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сургалтыг хааж хэлэхдээ “УИХ-ын тухай хуулиар УИХ-ын Тамгын газрын чадамж бүх талаар дээшилсэн. Үүнийг дагаад Тамгын газрын ажилтнуудын үүрэг нэмэгдэнэ. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бидний эцсийн бүтээгдэхүүн болох хууль тогтоомж маш сайн чанартай гарсан байхад Тамгын газрын ажилтан бүр дээд зэргээр анхаарч ажиллах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)