Хөвсгөлийн мөсний баяр “Хөх сувд” нэртэй зохион байгуулагдана

Хөвсгөл нуур дээр зохиодог мөсний баяр энэ оны гуравдугаар сарын 1-4-нд “Хөх сувд” нэрийн дор болно. Жил бүр уламжлал болдог мөсний баярт урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож ирснээр нийслэл хотынхон төдийгүй бусад аймаг, орон нутгийн иргэд, гадна дотны жуулчид, зочдыг татдаг нэг ёсны өвлийн аялал бүхий баяр юм.

Анх 2000 онд нутгийн иргэд болон “Хөвсгөл далай ээж” ТББ-аас Хөвсгөл нуураа хайрлан хамгаалж байхад олныг уриалан татах зорилгоор нутгийн иргэдийн дунд мөсний баярыг зохион байгуулж 6 морьтой чарганы уралдаан болж байжээ.


Одоо Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас зохиодог болсон энэ фестивалиар хувцасны загварын үзүүлбэр, авто машины уран жолоодлого, мөсөн дээрх буухиа, мөсөн дээрх сумо, тахтай морин чарганы уралдаан зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдааны хөтөлбөрүүд багтсан үзүүлбэрүүд болдог. Мөсний баяр нь иргэд, зочид жуулчид цэвэр агаарт гарч, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зугаатай өнгөрөөж Хөвсгөл далай дээгүүр морь болон нохойтой чаргаар гулгаж, цаа буга унан амардаг ер бусын аялал юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)