УИХ-ын гишүүд ХНХЯ-нд ажиллав

 УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг нар өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд тавдугаар сарын 13-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. 

Уулзалтын үеэр, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нийгмийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, статистик тоон мэдээ зэргийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгад УИХ-ын гишүүний өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон яамнаас боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ижил болон ялгаатай талыг харьцуулсан судалгаа багтсан байв.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын баг өнгөрсөн хугацаанд санаачилгатай ажиллаж, нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг гарган, хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Тэрбээр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл тэтгэврийн реформын эхлэл болж, цаашид Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьж, УИХ хэлэлцэн баталснаар уг салбарт цогц шинэчлэл хийгдэж, дэвшил гарна гэдэгт найдаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хууль өөрчлөгдөх ёстой. Энэ хуультай тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг уялдуулж, оновчтой шийдэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэтгэврийн шинэчлэлийг зөв хийхийн тулд УИХ, Яам нягт хамтран ажиллаж, нэгдмэл байр сууриар асуудалд хандах, иргэд, судлаачид, эрдэмтдийн санал бодол, гаднын туршлагыг сайтар судлах нь зөв гэдгийг хэллээ.

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих зарчмыг баримтлах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан санал нэгтэй байгаа бөгөөд үүний төлөө нэгдэн ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)