Б.Энхцэцэг: Махны экспортын ашиг шим Монгол хүнд үлдэх хэрэгтэй

Махны экспортын квот олголт дээр хууль журам тэгш үйлчлэхгүй байгаад гомдолтой байгаагаа “Финансхолдинг” ХХК-ийн захирал, ЖДҮ эрхлэгч Б.Энхцэцэг өнөөдөр Төрийн ордны гадна илэрхийллээ. 

Тэрээр, махны экспортын квот олголтыг хянах хэрэгтэйг хүслээ. Тодруулбал, экспортлох эрхгүй үйлдвэрт махаа бэлтгэсэн шалтгаанаар монгол иргэндээ квот олгохгүй байгаа хэрнээ яг адил экспортлох эрхгүй үйлдвэртэй гадаадын эзэнтэй, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад квот олгосоор байна гэв. 

Б.Энхцэцэг, “Хамгийн гол нь махны экспортын ашиг шим Монгол хүнд үлдэх нь чухал байна. Монголд мах экспортлох ихэнх квотыг гадаадын компаниуд аваад байгаа тул монголчуудын бизнесийн орчин хумигдаж байна. Би 2 мянга гаруй тонн мах бэлтгэсэн. 400 саяар үйлдвэр түрээсэлдэг. Дээр нь олон зоорины цахилгаан, дулааны төлбөрт сард 10 гаруй сая төгрөг төлж байна. Гэтэл одоо зөвшөөрөлтэй болон квотын эрхтэй компанид махаа нийлүүллээ ч гэсэн экспортод гаргахгүй байгаа. Бизнес хумигдаж, өр зээлэнд ороод буй учир би одоо гудамжинд 4 настай охинтойгоо гарах дээрээ тулаад байна. Төр, засагт хандаж байна. Махны экспортыг хариуцдаг салбарын яам, хэрэгжилтийг хангах мэргэжлийн байгууллагууд квот олголтыг хянаж хууль журмаар нь явуулахад төр, засаг анхаарна уу. Төр махны экспорт дээрх бодлогоо эргэн харж, 100 хувь Монголын компани, ААН-үүдэд квотоо олгож байх хэрэгтэй байна" гэсэн юм. 

Тэрээр, 2008 оноос малын гаралтай түүхий эдийн бизнес, гадаад худалдаа эрхэлж, 2016 оноос мах худалдан авч бэлтгэн БНХАУ руу экспортлогч ААН-ээр дамжуулан худалдаа эрхэлж иржээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.231.217.209)