Улсын аварга Э.Оюунболдын барилдах эрхийг хасахгүй гэж шүүх шийдвэрлэв

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Баяр наадам зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж Э.Оюунболдын аварга цолыг хураах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Харин барилдах эрхийг хасах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар, Э.Оюунболдын өмгөөлөгчийн давж заалдах нэхэмжлэлийг хангахгүй орхихын зэрэгцээ анхан шатны шүүхийн зарим шийдвэрийг хэвээр үлдээж нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцож өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж цол чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээв. Харин 2021 оны 07 дугаар сарын 12-ныг хүртэл буюу барилдах эрхийг хоёр жилээр хасах анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2020 оны долоодугаар сарын 12-ныг дуустал гэж өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг хасах шаардлагагүй гэж үзлээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ой буюу өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаанд аваргалсан Э.Оюунболдыг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Баяр наадам зохион байгуулах хорооноос хуульд заасан эрхийнхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргасан юм.

Уг тогтоолд, “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулахын зэрэгцээ олгосон Монгол Улсын аварга цолыг нь хураах санал” гаргаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Гэвч Э.Оюунболд сэргээшийн шинжилгээнд явуулсан шээс солигдсон гэх гомдол шүүхэд гаргаад байсан юм.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (34.200.226.179)