Токиогийн олимпын наадмын шинэ хуваарийг танилцуулжээ

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид коронавирусын цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон наадмын тэмцээний шинэ хуваарийг танилцуулжээ. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори баасан гаригт болсон Олон улсын олимпын хорооны цахим бага хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн байна.  Түүний мэдээлснээр, Олимпын наадам 2021 оны долоодугаар сарын 23-наас 17 хоногийн турш үргэлжлэх ажээ. Энэ нь 2020 онд болох байсан наадмаас нэг өдрийн өмнө эхэлнэ гэсэн үг юм. Мөн тамирчид спортын 33 төрлийн 339 тэмцээнд хүчээ сорино.

Зохион байгуулагчид тамирчдын байрлах газар болон бусад байгууламжийг өмнө нь төлөвлөж байсан газрууддаа товлосон тул шинэ хуваарь өмнөх хуваариас нэг их өөрчлөгдөөгүй байна. Харин зарим арга хэмжээний цагийн хуваарьт хэд хэдэн зохицуулалт хийжээ. 

Марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнийг хойд нутгийн Саппоро хотод зохион байгуулах хэвээр ажээ. Цэцгийн ёслол Саппоро хотод болох бол медаль гардуулах ёслол Токиогийн шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг байгууламжид Олимпын нээлт, хаалтын ёслол болох юм.

Мөн эрэгтэй, эмэгтэй марафон гүйлтийн тэмцээний шагнал гардуулах ёслол хаалтын ёслолын үеэр болох ажээ. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн Олимпын наадмын сүүлийн өдөр болох бол эмэгтэйчүүдийн тэмцээн түүнээс нэг өдрийн өмнө болох юм байна.

Дашрамд дурдахад, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо хойшилсон наадмын тасалбар худалдан авсан хүмүүст ирэх намраас мөнгийг нь эргүүлэн өгч эхлэх ажээ. 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (34.200.226.179)