Сайн дурын ажил ба түүний АЧ ТУС

"Амьдралын утга учир нь өөрт заяагдсан авьяасаа олох юм. Харин амьдралын зорилго бол mүүнийгээ бусдын төлөө зориулах юм"

Уильям Шекспир

 Нэг: Сайн дурын ажил гэж юу вэ?

Volunteer буюу сайн дурын ажил гэдэг үг нь хамгийн анх цэргийн холбогдолтой үг хэллэг байсан бөгөөд 16-р сүүлчээс бидний мэдэх утгаа олж байжээ. Ерөнхийдөө маш олон төрлийн сайн дурын ажил бий. Сайн дурын ажлыг сайн дурын ажил болгодог хамгийн чухал онцлог нь хариу нэхэлгүй, сайн санааны үүднээс аливаа зүйлийг хийх юм. Магадгүй чамд сайн дурын ажил гэхээр хандивын аян эсвэл ямар нэгэн арга хэмжээний зохион байгуулалтад туслах гэсэн ойлголт төрдөг бол уг хандлагаа өөрчлөхийг хичээгээрэй. Яагаад гэвэл таны хийж болох сайн дурын ажил маш олон төрөл байдаг юм шүү. Жишээлбэл настай хүнд зам гарахад нь туслах, хэн ч хэлээгүй байхад ангийнхаа хогийг түүх гээд өдөр тутамдаа хариу нэхэлгүйгээр хийж байгаа бүхэн чинь ч гэсэн сайн дурын ажилд тооцогдоно.

 Хоёр: Яагаад сайн дурын ажил хийх хэрэгтэй вэ?
Юунд дуртайгаа олж мэдэх. Өөрийн дуртай зүйлээ туршиж байж л олж мэддэг. Жинхэнэ ажлын талбарт гарчихаад туршин цаг бас боломжуудаа алдсанаас сайн дурын ажил хийх үедээ олоод мэдэх хэрэгтэй. Бүтэн цагийн ажилтай харьцуулахад сайн дурын ажил харьцангуй богино хугацааны мөн "хариуцлага" багатай байдаг. Тийм болохоор аль болох олон сайн дурын ажил хийж өргөн мэдлэг, ирээдүйд хийхэд залхууг чинь хүргэхгүй сэтгэл ханамж өгөх тэр ажлаа олж мэдээрэй. Хэрвээ та хийх дуртай зүйлээ аль хэдийн олчихсон бол мэдлэг чадвараа бататгаж, өргөжүүлэхийн тулд тухайн чиглэлээрээ сайн дурын ажил хийх хэрэгтэй. Мөн дуртай зүйлээ хийж байгаа учраас сэтгэл ханамж, аз жаргалтай байх нь тодорхой. Тиймээс нэг ёсны амралт ч байж болох юм. Мөн сайн дурын ажил гэдэг шинэ ертөнцийг таньж мэдэх, өөрийн "comfort zone" буюу дассан хүрээллээсээ гарах, шинэ зүйл хийж өөрийгөө сорихыг хүссэн хүн бүр ядаж нэг удаа хийж үзэх хэрэгтэй зүйл юм шүү.

"Бусдын төлөө аливаа нэг зүйлийг хийнэ гэдэг нь Эх Дэлхий дээр амьдарч байгаагийнхаа төлбөрийг төлж буй явдал юм"
Мухаммад Али

 Гурав: Сайн дурын ажил хийснээр юу сурч болох вэ?
Сурч болох хамгийн энгийн зүйлсэд багаар ажиллах, цаг барих, бусдыг хүндлэх чадвар гэх зэргүүд багтана. Мөн та ямар нэгэн сайн дурын ажил хийхээр боллоо гэхэд хүрээлэн буй орчноосоо их зүйл сурах боломжтой байдаг. Тэгвэл яг ямар хүмүүс сайн дурын ажил хийдэг вэ? Миний дүгнэлтээр бол мөнгөний төлөө бус хааяа ч гэсэн бусдын сайн сайхны төлөө ажиллаж чаддаг, аль хэдийн өөрийгөө таньж мэдсэн эсвэл өөрийгөө таньж мэдэхээр хичээн ажиллаж буй идэвхтэй хүмүүс байдаг. Эдгээрийн аль нь ч байсан нийгмийнхээ төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулж буй хүнээс сурах зүйл их байх нь гарцаагүй юм. Магадгүй ийм ч ураас их сургуулийн элсэлтийн комисс өөрийн юунд сонирхолтойгоо олж мэдсэн эсвэл олон зүйлийг туршиж үздэг нийгмийн идэвх сайтай хүний хийдэг "сайн дурын" ажлыг гол шалгууруудынхаа нэгт тооцдог байх.

 Дөрөв: Хэрхэн сайн дурын ажил олох вэ?
Сайн дурын ажил хийхийг хүсэж байгаа ч хаанаас олохоо төдийлөн мэдэхгүй хүмүүс их байдаг. Гэхдээ тун энгийн зүйл юм шүү. Жишээлбэл та зурах дуртай бол яагаад гудамжинд очиж суугаад хэн нэгнийг зурж болохгүй гэж? Таны зургийн чадвар хөгжинө. Магадгүй ирээдүйн хамтрагчаа олж ч болно. Номонд дуртай бол яагаад номын санчид тусалж болохгүй гэж? Шинэ ном бичих санаа төрж ч болно. Эсвэл хүүхдэд хайртай бол цэцэрлэгийн эсвэл асрамжийн газрын ажилд нэг өдөр тусалж болно. Өөрийн хүсэлтээрээ "би ажилд чинь тусалъя" гээд очих нь бидний нийгэмд шинэ зүйлд тооцогдоно. Гэхдээ өсвөр үеийнхэн бид л шинэ зүйлийг хийж шинэлэг ирээдүйг бүтээх хэрэгтэй.

Харин олон улсын тэмцээн, арга хэмжээнүүдэд сайн дурын ажил хэрхэн хийх вэ? Ихэнх байгууллагууд Facebook-т сайн дурын ажлын зар оруулдаг. Тийм учраас аль болох хэрэгцээтэй хуудаснууд, хувь хүмүүсийг дагаж байхыг хичээгээрэй. Товчхондоо бол мэдээлэлд ойр бай. Харин дараагийн нэг арга нь ямарваа нэг үйл ажиллагаа болохын өмнө зохион байгуулагчидтай нь холбогдох юм. Ингэж холбогдоод өөрийнхөө сайн дураар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Зөвлөж хэлэхэд хамгийн эхний 1-2 сайн дурын ажлыг олоход хэцүү байх ч нэгэнт "танилын хүрээ" болон "туршлага"-тай болчихвол тийм ч хүндрэлтэй зүйл биш юм шүү. 

Харин одоо үед та өөрөө л хүсэх юм бол бүх төрлийн сайн дурын ажлуудаас сонгон хийх боломжтой. Дургүй эсвэл мэдэхгүй чиглэлээрээ сайн дурын ажил хийх нь төсөөлж байгаа шиг чинь тийм ч сонирхолтой биш байх болно. Гэсэн хэдий ч аль болох шинэ зүйлсийг олон туршиж өөрийнхөө чин сэтгэлээсээ дурлан хийж чадах зүйлээ олоорой. Мөн аливаа ажлыг бага гэж гололгүй бүх сэтгэлээ зориулж ажиллавал үр дүн нь ч сайхан байдаг. Хамгийн эцэст нь хэлэхэд сайн дурын ажлыг зөвхөн өргөдөл дээрээ бичих гэж бус өөрийгөө хөгжүүлэх, шинэ ертөнцийг танин мэдэх, найз нөхөдтэй болохын төлөө хийж байгаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.147.122)