Шведэд хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоогүй ч ажилгүйдэл нэмэгджээ

Эрх баригчид нь шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэх хязгаарлалтын хатуу арга хэмжээ аваагүй хэдий ч Шведэд дөрөвдүгээр сард ажилгүйдлийн түвшин 6.7 хувиас 7.9 хувь болж өсжээ.  

Шведийн статистикийн газрын мэдээллээс үзвэл, улирлын чанартай хүчин зүйлсийг тооцоогүй ажилгүйдлийн үзүүлэлт 8.2 хувьтай байсан байна. Тус улсад дөрөвдүгээр сард ажилгүйдэл 7.8 хувьд хүрч нэмэгдэнэ гэж эдийн засагчдын таамаглаж байжээ. Үүний зэрэгцээ амралтаа авахаас аргагүйд хүрсэн үйлдвэрийн ажилчид ойрын үед ажилдаа буцаж орохгүй бол ажилгүйдэл 17 хувьд хүрч нэмэгдэнэ гэж “Bloomberg” агентлагийн шинжээч Йоханн Йенссон урьдчилсан таамагласан байна.

Ажилгүйдлийн түвшин өндөр байгаа хэдий ч Шведийн эрх баригчид хөдөлмөрийн тогтолцоог шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа аж. Хөдөлмөрийн тогтолцоог шинэчилснээр ажил олгогчид ажилчдыг илүү хялбар аргаар, бага зардлаар халах боломжтой болох юм. Эрх баригчдын санал болгож буй шинэчлэлийг үйлдвэрчний хэд хэдэн эвлэл, сөрөг хүчнийхэн эсэргүүцсэн бөгөөд хэрэв эдгээр санал хүчин төгөлдөр болсон тохиолдолд Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвенд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө гэж мэдэгджээ

Швед дэх коронавирустэй тэмцэх арга

Шведийн эрх баригчдын коронавирустэй тэмцэх стратеги нь "сайн дурын болон хувийн хариуцлагад" суурилж буй юм. ЕХ-ны шийдвэрийн дараа Шведийн Засгийн газар тус холбооны орнуудаас бусад орны иргэдэд хилээ хааж, 50-аас дээш хүнтэй уулзалт хурал зохион байгуулахгүй байхыг иргэддээ уриалжээ. Түүнчлэн ахлах, их, дээд сургуулиудыг алсын зайн сургалтад шилжихийг зөвлөсөн ч цэцэрлэг, бага, дунд сургуулиуд ажилласан хэвээр байгаа юм. Шведэд эсвэл тус улсын бүс нутгуудад тусдаа хорио цээрийн дэглэм тогтоогоогүй бөгөөд дэлгүүр, зоогийн газрууд нээлттэй хэвээр байна.

Шведэд коронавирусний халдварын 33843 тохиолдол бүртгэгдэж, 4029 хүн нас баржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.12.0)