Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ

Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава короонавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын үеэр мөрийтэй тоглоом тоглосон гэх дуулиан шуугианд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.

"NHK" телевизээр мэдээлснээр, Курокава  энэ сарын  1, 13-нд “Sankei” сонины сэтгүүлчийн Токио дахь гэрт очиж, мөрий тавин маажан тогложээ. Тоглоомд мөн “Asahi” сонины сурвалжлагч оролцсон гэнэ. Прокурор түрээсэлж авсан машинаар сэтгүүлчийн гэрт очдог байжээ. Энэ талаарх мэдээлэл Японы долоо хоног тутмын “Shukan Bunshun” сонинд нийтлэгдсэн байна.

Токиогийн Прокурорын газрын даргын энэхүү үйлдэл нь олон нийтийн болон сөрөг хүчний намын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Ялангуяа өдгөө 63 настай Курокава нь Японы Ерөнхий сайд  Абэ Шинзотой ойр харилцаатай байдаг тул илүү их эсэргүүцэлтэй тулгарчээ. 

Японы хуулийн дагуу энэ насан дээрээ албан тушаалаа орхих ёстой ч Курокава Токиогийн прокурорын даргын албан тушаалд үлдсэн нь энэ зун Японы Ерөнхий прокурор өөрчлөгдөх ёстой байсан бөгөөд уг албан тушаалд гол нэр дэвшигч нь Курокава байсантай холбоотой байж магадгүй гэж  “Mainichi” сонинд мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.238.138.162)