Туркт хөл хорих цаг тогтооно

Туркийн эрх баригчид коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд хөл хорих цаг тогтоохоор болсон байна.

“23, 24, 25 болон 26-нд бүх мужид гэрээсээ гарахыг хориглоно. Түүнчлэн 15 мужийн гарах, орох хөдөлгөөнд тавьсан хоригийг дахин 15 хоногоор сунгаж байна. Тавдугаар сарын 24-ний өдөр 14:00 цагаас 20:00 цаг хүртэл манай улсын 65-аас дээш насны иргэд гудамжинд гарч болно” гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган даваа гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр лалын шашинтнуудын Ид аль-Фит /Ураза-Байрам/ баярыг тохиолдуулан хязгаарлалт тогтоож буйг тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, Эрдоган Туркийн сүм хийдүүдийг нээхээр болсныг мэдэгджээ.

"Тавдугаар сарын 29-ний өдөр бид мөргөл үйлдэх шаардлагад нийцсэн сүм хийдүүдийг нээнэ" гэж Туркийн Ерөнхийлөгч хэлэв. Түүний хэлснээр, цэцэрлэгүүд зургаадугаар сарын 15-наас нээгдэх бол сургуулиуд есдүгээр сараас хичээлээ үргэлжлүүлнэ.

Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд Европоос нутагтаа ирсэн иргэнээс илэрсэн юм. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 150 мянга давж, 4170 гаруй хүн нас барсан бол 111 577 хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)