Оросын бизнес эрхлэгчид Их Британийн хамгийн баян хүмүүсийн тоонд оржээ

ОХУ-ын бизнес эрхлэгч Алишер Усманов, Михаил Фридман, Роман Абрамович нар “Sunday Times” сониноос гаргасан Их Британийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад багтжээ.

Жагсаалтаас үзвэл, Алишер Усмановын хөрөнгө 11.68 тэрбум фунт стерлингээр /1.4 орчим их наяд рубль/ үнэлэгдэж, долдугаарт бичигдсэн байна. Өнгөрсөн онд тэрбээр 11.339 тэрбум фунт стерлингийн /1.01 их наяд рубль/ хөрөнгөөрөө жагсаалтын наймдугаарт орж байв. Түүнчлэн Усманов коронавирустэй тэмцэхэд туслах зорилгоор ОХУ-д 118 сая фунт стерлинг хандивласныг онцолсон байна.  Усманов бол “USM Holdings” компанийн хамгийн том ашиг хүртэгч юм.

"Альфа-групп" компанийг үүсгэн байгуулагч, Оросын бизнес эрхлэгч Михаил Фридман энэ жилийн жагсаалтад 11 дүгээрт оржээ. “Sunday Times” сонины шинжээчид түүний хөрөнгийг 10.23 тэрбум фунт стерлингээр /911 сая рубль/ үнэлсэн байна. Харин өнгөрсөн жилийн жагсаалтад 9 дүгээрт орж байсан Оросын тэрбумтан, хөрөнгө оруулалтын “Millhouse” компанийн хамтран эзэмшигч, “Evraz” компанийн гол хувьцаа эзэмшигч Роман Абрамович 12 дугаарт бичигджээ.

Их Британийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг энэ жил бизнес эрхлэгч, зохион бүтээгч, “Dyson” компанийг үүсгэн байгуулагч Жеймс Дайсон болон түүний гэр бүл тэргүүлжээ. Тэдний хөрөнгө 16.2 тэрбум фунт стерлингээр үнэлэгдсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт “Hinduja Group”-ийг үүсгэн байгуулагч ах дүү Шри болон Гопи Хиндуя, “Trans World Group”-ийг үүсгэн байгуулагч ах дүү Дэвид болон Саймон Рубен нар оржээ. Тэд 16 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх хөрөнгөтэй байна.

Жагсаалтын эхний аравт мөн бизнес эрхлэгч, буяны үйлстэн Леонард Блаватник, “INEOS”  химийн концерныг эзэмшигч Жим Рэтклифф, Вестминстерийн гүн Хью Гровенор нар багтжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)