Европын орнууд хязгаарлалтаа нэмж сулруулна

 Итали, Испани тэргүүтэй Европын олон орон коронавирусний халдварын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүдээ даваа гаргаас нэмж сулруулна.

Сүүлийн хоёр сар гаруйн турш хөл хорио тогтоосон Италид шөнийн цэнгээний газар, үсчин зэрэг ихэнх бизнес үйл ажиллагаагаа сэргээх боломжтой болно.

Испанийн хувьд Мадрид, Барселона хотоос гаднах хязгаарлалтуудыг сулруулж, 10 хүртэлх хүнийг чөлөөтэй уулзахыг зөвшөөрнө.

Эдгээр оронд өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо тогтвортой буурсантай холбогдуулан дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Италид ням гарагт 145 хүн нас барсан нь өнгөрсөн гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн үзүүлэлт болжээ.

Мөн Испанид хөл хорионы хязгаарлалтууд тогтоосноос хойш анх удаа өдөрт 100-гаас цөөн хүн нас баржээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд халдварын хоёр дахь давлагаа эхэлж болзошгүйг анхааруулсаар байгаа юм.

Даваа гарагт юу болох вэ?

Италид зоогийн газар, шөнийн цэнгээний газар, кафе, үсчин, дэлгүүрүүдийг нээхийг зөвшөөрөх бөгөөд зайнаас харилцах дүрмийг баримтлахыг шаардана. Католик сүмүүд олныг хамарсан үйл ажиллагаагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа боловч мөргөлчид зайнаас харилцах хатуу дүрмийг баримталж, амны хаалт зүүх шаардлагатай. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд олноор цуглах нь аюултай гэдгийг анхааруулсаар байна.

Испанид энэ долоо хоногийн сүүлээс хүн амын дийлэнх нь гадуур гарах боломжтой ажээ. Мөн зоогийн газар, баарнуудыг өнөөдрөөс гадаах талбайдаа үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрнө. Түүнчлэн 10 хүртэлх хүн нэг дор цуглаж, гэр бүл, найзуудтайгаа уулзах боломжтой болно.

Мадрид, Барселона болон баруун хойд нутагт хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай боловч зарим жижиг дэлгүүрийг нээхийг зөвшөөрөх ажээ. "Манай улс вирусний тархалтыг зогсооход “тун ойртоод" байна” гэж Испанийн Яаралтай тусламжийн төвийн дарга Фернандо Саймон ням гарагт мэдэгджээ. Гэвч халдварын хоёр дахь давлагаа гарах эрсдэл “өндөр хэвээр” байгааг тэрбээр анхааруулсан байна.

Европын бусад орнуудаас Бельгид бага, дунд сургуулийн сургалтыг даваа гаргаас хатуу хязгаарлалттайгаар нээж эхэлнэ. Мөн Португал, Грек, Дани, Ирланд хөл хорионы арга хэмжээнүүдээ сулруулахаар төлөвлөж байгаа ажээ. 

 

Халдварын тухайд

  • Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 4.6 сая хүн халдвар авч, 320 мянга гаруй хүн нас барсан байна.
  • Бразил халдварын тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт буюу Испани, Италийн өмнө бичигдэж эхэлжээ.
  • АНУ-ын эдийн засаг 2021 оны эцэс хүртэл сэргэхгүй байж болзошгүй гэж тус улсын Холбооны нөөцийн сан анхааруулсан байна.
  • Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 170 хүн нас барсан нь хөл хорио тогтоосноос хойших хамгийн цөөн үзүүлэлт болжээ.
  • Энэтхэгт зарим хязгаарлалтыг сулруулсан хэдий ч орон даяар тогтоосон хөл хориог тавдугаар сарын 31 хүртэл сунгасан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)