Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй

 Шинэ коронавирусний цар тахал дэлхийн эдийн засагт 5.8-8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй байна гэж Азийн хөгжлийн банк мэдээллээ. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4-9.7 хувьтай тэнцэх юм.

Дэлхийн улс орнууд “COVID-19” халдварыг хяналтад авахад зургаан сарын хугацаа зарцуулах тооцоонд үндэслэн энэхүү таамаглалыг гаргажээ.

Азийн хөгжлийн банкны тайланд дурдсанаар, Азийн орнуудаас БНХАУ хамгийн их буюу 1.6 их наяд ам.долларын хохирол амсаж болзошгүй байгаа бол Япон 490 тэрбум ам.доллар, Зүүн Өмнөд Ази 250 тэрбум ам.доллар алдах төлөвтэй байгаа ажээ.

Хилийг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоосон нь дэлхийн худалдааг 2.6 их наяд ам.доллароор бууруулах магадлалтай байгаагийн зэрэгцээ 242 сая хүн ажлын байраа алдаж болзошгүй аж.

Гэсэн хэдий ч Засгийн газрууд зохистой бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлвэл эдийн засгийн алдагдлыг 40 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэдгийг дээрх тайланд онцлоод, халдварын тархалтыг аль болох эрт хяналтад авахын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.176.125)