Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна

СИДНЕЙ.  Австралийн Засгийн газар цар тахлын үед иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 48.1 сая австрали доллар /30.9 сая ам.доллар/ зарцуулахаар болсон байна. 

"Өнөөдөр бид цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 48.1 сая австрали доллар гаргах шийдвэр гаргалаа" гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Засгийн газрынхаа хурлын дараа мэдэгджээ. 

Сэтгэл зүйн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй хүмүүст бодит тусламж үзүүлэхээс гадна, “сэтгэцийн эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны судалгаа явуулах талаар үндэсний төлөвлөгөөнд тусгасан" гэдгийг Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант онцолсон байна. “Эрүүл мэнддээ санаа зовсон, ганцаардал, тусгаарлалтаас болж үүссэн бухимдал, ажил төрөл, мөнгө, өр ширтэй холбоотой сэтгэлийн түгшүүр нь хүмүүсийн сэтгэл зүйд дарамт үзүүлж байна. Цар тахалтай холбоотой эдгээр айдас түгшүүр нь сэтгэцийн эрүүл мэндэд зарим талаар нөлөөлж байгаа бөгөөд үүнийг үндэсний төлөвлөгөөний хүрээнд шийднэ” гэж Хант хэлжээ. 

Хамгийн сүүлийн мэдээллээр, Австралид 7022 хүн коронавирусээр халдварлаж, 98 хүн нас барсан бол 6301 өвчтөн эдгэрчээ. Өнгөрсөн өдрийн байдлаар халдварын 31 тохиолдол шинээр илэрсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)