Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ

БЭЭЖИН. Улс оронд нь ажиллаж буй Хятадын сэтгүүлчдийн визийн хамгийн дээд хугацааг 90 хоног болгож хязгаарлах эрх баригчдын шийдвэртэй холбогдуулан Хятадын “Синьхуа” мэдээллийн агентлаг АНУ-ын Засгийн газарт эрс эсэргүүцлээ илэрхийлжээ.

“АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны шийдвэр нь ялгаварлан гадуурхах, Хятадын сэтгүүлчдэд шалтгаангүйгээр шахалт үзүүлэх үйлдэл юм” хэмээн “Синьхуа” агентлагийн албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

“Синьхуа” агентлаг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэртэй агентлаг билээ. АНУ-д ажиллаж буй “Синьхуа” агентлагийн сэтгүүлчид АНУ-ын зохих хууль тогтоомж, эрх зүйн актуудыг чанд сахин биелүүлдэг бөгөөд бодит байдал, шударга ёс, тодорхой байдлын зарчим дээр үндэслэн АНУ-д болж буй үйл явдлыг мэдээллэх зарчмаа баримталсаар ирсэн” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Эрх баригчид Хятадын сэтгүүлчдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай I ангиллын цагаачлалын бус визийг сунгах боломжтойгоор олгох болно гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 5 дугаар сарын 8-нд мэдэгдсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ шийдвэрийг нь зэмлэн буруушааж, Хятад улсад ажилладаг гадаадын 500 гаруй сэтгүүлчийн 98 орчим хувийнх нь виз нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)